Ultimate Mortal Kombat 3 тоглоом болон түүнтэй холбоотой бидний дурсамжууд

“There is no knowledge that is not power” буюу “Хүч чадал болдоггүй мэдлэг гэж үгүй”

Ralph Waldo Emerson, философич, яруу найрагч, АНУ, 1870-аад он.

Дээрх ишлэлээр эхэлдэг энэхүү тоглоомын талаар сийрүүлмээр санагдав…

(Энэ хэсэгт дараах гадны эх сурвалжуудыг орчуулж тавихаар төлөвлөв. Орчуулгад хувь нэмрээ оруулахаар бол ийшээ ороорой: https://gitlab.com/onlineplay.mn/umk3_wiki_translation )

Жишээ гадны контент:

https://en.wikipedia.org/wiki/Ultimate_Mortal_Kombat_3

https://testyourmight.com/threads/mk1-mk2-mk3-secret-ejb-hidden-menu-codes-discovered-after-20-years.58801/


Тоглоомтой холбоотой бидний дурсамжууд

Nacho:

За хаанаас нь эхлэхээ сайн мэдэхгүй байна. Хаанаас нь ч хамаагүй эхэлчихье:

Тухайн үед интернет гэж юм ямар байх биш, тоглоомын баатруудын хөдөлгөөн, нууц код энэ тэрийг эрийн сайндаа л олж авдаг цаг үе байлаа хэхэ … Гэхдээ ч бас байдал тийм ч муугүй ээ, MK 3-ын хүмүүсийнх нь хөдөлгөөнийг оруулсан цаасан сонин, жижиг гарын авлага маягийн “канон”-дсон ном хүүхдүүдийн дунд тарсан байлаа. За тэгээд тэрийг нь олж авна гэдэг бас л хөөрхөн асуудал болчихдог байв.

Бас зарим нэг хүүхдүүд яг өөрөө туршаад үзчихсэн код, хөдөлгөөнүүдээ томхон цаасан дээр нямбай бичээд скочдоод өөрөө өөртөө гарын авлага хийгээд, газрын зураг шиг нугалж хумиад аваад явж байдаг байлаа.

Тийм ном, гарын авлагатай хүүхдүүд нь өөр хоорондоо код, хөдөлгөөн солилцоод л… Тийм юмгүй хүүхдүүд нь олигтой тоглож чадахгүй нусаа хацартаа наалгуулаад л… Нэг тиймэрхүү өнгө аястай амьдрал өрнөдөг байлаа гэж… Тэгээд л тоглоомоо тоглож ур чадвараа сайжруулахынхаа хажуугаар баатруудынх нь бүх хөдөлгөөнийг олж мэдэх, элдэв янзын код, нууцуудыг нь (одооныхоор easter egg юмдаа) олж мэдэх гэж өдрийн бодол, шөнийн зүүд болчихдог байв. За тэр сонингийн хайчилбар дээрх зааврууд бол яг “галзуу хүний өдрийн тэмдэглэл” аятай муухан орчуулга байв.

Заавар, код, хөдөлгөөнүүдийн зарим нь ерөөсөө ордоггүй, тэгээд л толгойн дотор баахан асуултын тэмдэг үлдээчихдэг байв. Хаха. Нөгөө “канон”-дсон ном бол уг нь хэн нэгэн сонирхогчийн хийсэн биш, орчуулга ч биш тун дажгүй хэвлэгдсэн “завод” гарын авлага байсан.

Гэтэл тэр номон дээрх зарим нэг хөдөлгөөнүүд, коднууд бас л ерөөсөө ажилладаггүй, “орох л ёстой доо” гээд л янз янзаар үзээд орж өгөхгүй толгойны хуйх майжуулдаг байв. Тэгтэл тэр нь Sega Saturn дээр гарсан UMK3-ын гарын авлага байсан тул бидний тоглодгоос бага зэрэг ялгаатай байсныг сүүлд нь мэдэж билээ.

– За бас нэг сонирхолтой дурсамж гэвэл ТҮЦ-нүүдэд 50 төгрөгөөр MK 3-ын “Dunkin Cap”-тай бохь зарагддаг байв. “Ямар баатрын зурагтай ‘Cap’ авах вэ?” гэнгүүт нь өөрт байхгүйгээс нь шилж сонгож байгаад л (уг нь бүгдийг нь л авмаар байгаа юм :P) аль нэгийг нь шийдэж ядаад л авдаг байлаа. Тэгээд л бага багаар цуглуулж гарна даа… Тэгээд цуглуулгаа нэмэх гээд дараагийн 50 төгрөгний эрэлдээ гарна даа. Эхэндээ “Cap” маань бохины хачир болж ирдэг байснаа дунд хавьдаа бохь нь хачир болоод, сүүлдээ бүүр бохь ч байхгүй зүгээр л “Cap” зардаг болчихсон байж билээ хаха.

ТҮЦ-ний ах эгч нар бас л сэргэлэн байгаам шүү. Хүүхдүүдэд бохь нь ерөөсөө сонин биш байна, “Cap” нь л сонин байна гээд мартагнуулаад өөрсдөө бохийг нь завшчихсан байгаа юмдаа. Хүүхдүүд ч бохио нэхэхгүй “Cap”-аа аваад л ухаан жолоогүй яваад өгдөг болсон байж билээ хахаха. Авсан “Cap”-ныхаа зургийг муутгахгүй хадгалж үлдэх арга зам нь “скоч”-дох байв. Тиймээс бүгдийг нь нямбай гээч нь “скоч”-доно шүү дээ. За тэгээд “Cap”-аа нэмэгдүүлэх бас нэг (магадгүй үндсэн) арга зам нь хүүхдүүдтэй “Cap”-аараа “хомболцож” тоглодог байв. Яаж “хомболцох” вэ гэхээр ах нарын хуучны бөглөөгөөр тоглодог байсан шиг есөн жорын тоглоом ангийнхантайгаа, сургуулийнхантайгаа тоглодог байв. “Гүү саах”, “гурав гүү саах”, “хоёр тонших”, “гурав тонших”, “давхарлаж тавьж байгаад ирмэг дээр нь зоосоор цохиж хосоор нь бүтэн эргүүлэх” энэ тэр гээд л янз бүрийн тоглоом тоглож “Cap”-аа нэг бол алдаж, нэг бол цуглуулгаа нэмж хөөрхөн өрсөлдөөнтэй тоглочихдог байв.

Тухайн үед Sega байтугай “хужаа компьютер” ч хөөрхөн өндөр үнэтэй байсан тул аав ээж авч өгнө гонж шүү дээ. Sega-ны газарт цагаар тоглох ч мөнгө өгдөггүй байж билээ. Ээж бол бүүр хаанаасаа ч юм бүү мэд “компьютер тоглоом телевизор эвддэг” гээд сонсчихсон, гэрийн телевизорт тийм юм залгуулахгүй шүү гэж хориглодог байв. Ингээд л MK3 эд шуугиулж байх үед нь тоглож чадахгүй явсаар байгаад нилээд сүүлд л аавыгаа шалсаар байгаад гэртээ ганцхан тоглоомтой (тэр нь мэдээж UMK3) Sega авхуулж санаа амарсан. Тэгээд ээж телевизор эвдэнэ гээд байдаг болохоор ээжийг ажилдаа явсан хойгуур нь хулгайгаар л тоглодог байлаа хэхэ… UMK3-ыг их л зовлон үзэж байж тоглодог байсан байгаам шүү. Тэгээд л оройхон гараад ширүүхэн дайрсан даа. Аав ээж маань тоглоомонд (ялангуяа компьютер тоглоомонд бол бүүр No шүү дээ) мөнгө үрдэггүй, өгдөггүй байж билээ. Тэгээд л өөр тоглоом авч чадахгүй UMK3-тайгаа бараг 1 жил ноцолдсон. Яваандаа томчуудын өгсөн мөнгийг нь Швейцарын банк шиг л хадгалж, цуглуулж байгаад л тоглоомын картриджуудаа нэмдэг байв.

Хичээлийн өвлийн амралтаараа дүү бид 2 үеэл ахаа гэртээ авчирч байгаад “сайхан” тоглодог байж билээ. Ялагдсан нь гараа өгөөд солигддог, ялаад л байвал суугаад л байдаг одооныхоор бол MK9 дээр гарч ирсэн “King of the Hill mode”-өөр голдуу тоглодог байв. Би ч сорвитой Subzero-оор нэг хэсэгтээ л King нь болчихдог байсан 🙂 Хичээлийн үеэр бол дүү бид хоёр бие биенээсээ уйдатлаа тоглоно…

Дүү уйдсан үед нь би хүмүүсийн хөдөлгөөн, нууц код энэ тэрийг нь илрүүлэх гээд л бүрэн хэмжээний хайгуул хийнэ шүү дээ хэхэ.

Хүмүүсийн fatality, friendship, babality зэргийг нь Killer Code хийж байгаад ABCXYZ-ийн алийг нь дарахыг нь мэдэж авч байгаад зүг чигийн даралтын бүх комбинацыг цаасан дээр бичиж байгаад нэг бүрчлэн хийж хайдаг байв.

Brutality-ийг нь олоход бол ABCXYZ-ийг нэг бүрчлэн дарж тасрахгүй удаан үргэлжилж байгаагаар нь зөв даралтыг нь илрүүлэн бүтэн даралтыг нь хайж олж байв.

Тоглолт эхлэхийн өмнө оруулдаг 6 оронтой “Start screen code”-ыг тэгш хэмтэй ч юмуу эсвэл ямар нэгэн логик бүхий паттерн-аар хайж эхлээд сүүлдээ бүүр улайраад бүгдийг нь олно гээд хоёр гараар нь нэг бүрчлэн 000000, 000001, 000002, …, 001000, 001001, 001002, … 010000 гэж шалган нилээд хэдэн код илрүүлж тэмдэглэж авч билээ.

Гэхдээ яваад яваад 010000 буюу 10 мянга хүргээд үнэндээ шантарсан. “Нилээд хэдэн сар нухаад нухаад, sega-аа ч байн байн асааж унтраан шатаахын наагуур юм болж байж дөнгөж 10 мянга…, гэтэл хамгийн том орон буюу 100 мянгадаа ч хүрээгүй байдаг…, гүрийгээд одоог хүртэлх хийснээ 9 давтаад 100 мянга хүргэлээ гэхэд хамгийн том орон дөнгөж 1 болно…, тэгээд тэрийгээ дахиад 9 удаа давтана гэж арай бүтэхгүй юм байна…” гээд л нэг мөр бууж өгсөндөө.

За тэгээд туршиж үзээд батлагдсан хөдөлгөөнүүдээ бол нямбай гэгч нь хүснэгтлээд л, хүн тус бүрээр нь бичиж хувийн заавартай болж авч байв. Сүүлдээ тэрийгээ жижигхэн ном болгож бэлтгээд ээжийн ажил дээр принтер-ээр нь хэд хэдэн хувь хэвлэж аваад, ер нь өшөө олныг хэвлэж байгаад “хүүхдүүдэд зарна” ухааны юм бодоод л явж байлаа хаха.

Аан тийм бас нэг инээдтэй юм нь номоо хийх гэсэн MK dragon logo-ны зураг хэрэгтэй болоод, тухайн үед интернетээс зураг олсон ч интернетээс хуулж авч word рүү оруулж мэддэггүй байсан тул MS-Paint дээр өөрөө зурж номондоо оруулж билээ. Тэгээд MK dragon-ыг зурах гэж бас л үйлээ үзсэн шүү.

Ёстой л pixel art гэдэг юмыг бие мах бодиороо мэдэрч, туулж байлаа шд хаха… Тэгээд ямар ч байсан ард нь гарсаан гарсан. Харин сүүлд интернетээс бэлэн зураг хуулж сурсны дараа шаал дэмий өөрийгөө зовоождээ гэж бодогдон нуруугаар хүйт дааж билээ.

Күээ мөн уйгагүй, бас тийм завтай ч байждээ…

За тэгээд сүүлд MK 1, 2, 3 гээд, өөр тоглоомуудын ч картридж цуглуулж гарсандаа.

Нарантуул дээр Пүүжээ гэдэг ах дээр очиж MK 1 дээр “Blood Code” заалгуулж авч байв. Тэр үед Пүүжээ ах тэр кодоо одооны PSP шиг нэг “гар консол” дээр хийж үзүүлж байв. Хөөх ийм гартаа бариад явдаг өөрөө дэлгэцтэй Sega байдагаа, их л үнэтэй байхдаа, авна гэж мөрөөдөөд ч хэрэггүй биздээ гэж бодоод л өнгөрч байв. Хожим тэр нь Sega Nomad байсныг нь интернетээс олж мэдсэн. Монголд байтугай дэлхийд ховор эд дээ. Хүүхдүүд бидний ертөнцийг ойлгодог цөөн хэдэн томчуудын нэг нь Пүүжээ ах байсан ба Нарантуул орох болгондоо Пүүжээ ахын лангуун дээр очиж “гоё сонин хачин юм юу байна” гэж эргэлддэг байлаа. Пүүжээ ахын лангуу цаанаа л нэг “hidden gem” агуулсан уурхай шиг л байлаа 🙂 Аргагүй юмдаа Sega Saturn, Dreamcast энэ тэрийг анх Пүүжээ ахын лангуун дээрээс л харж байлаа.

За тэгээд арван жил төгсөх дөхөөд Sega-аа алга хийсний дараа бүүр сүүлд их сургууль төгссөний дараа энэ тоглоомтой дахиад холбогдоод авсан. Sega-гүй болсны дараа PC дээр emulator-оор хааяа нэг ганцаараа тоглочихдог байв. Гэхдээ бүүр хааяа л нэг, жилдээ нэг ч юмуу тоглодог байв. Тэгээд дотроо “уг нь sega ч гоё шүү, одоо энийг даанч тоож тоглох хүн байхгүй болсон байх доо, хааяа л ганцаараа багын дурсамжаа сэдрээж тоглож байя” гэж бодоод явдаг байлаа. Тэгсэн нэг өдөр санаандгүй Garena-д чат хараад байж байсан чинь ганц нэг хүн “Mortal bnu?” гээд байх юм.

Mortal гэж юу хэлээд байгаан гэсэн чинь sega-ны mortal тоглох уу гэнэ… “Пөөх, юу вэ тоглоё л доо, яаж тоглодог юм? Арай онлайнаар холбож тоглодог юм биш биздээ” гэсэн тийм гэнэ… Ёстой гайхширах, баярлах давхцаад уухайн тас холбохыг нь заалгаад тоглолоо… Шууд л “нүд хуруу” болох нь тэр “WTF, юу болоод байнаа” гээд л шар гозолзоод баахан үзлээ.

Хамаагүй формтой, ерөөсөө үзээгүй комбо энэ тэр хийгээстэй, шал өөр түвшинд тоглож байв… Тэгсэн юу вэ нилээд олон хүмүүс тоглодог болчихсон, хүмүүс youtube энэ тэрээс янз бүрийн юм үзээд янз бүрийн combo арга мэх сурчихсан ер нь л шал өөр түвшинд хүрчихсэн байв.

За тэгээд л ухаан жолоогүй яваад орсондоо. Rico, Jedi, Kaze, Method, Tekken-чин Болдоо, Evil, Dr Maniac, Fire, Oogoo, Slayer, “Yulo болон түүний Crew” гэх мэт зөндөө лаг лаг тоглогч нартай танилцаж онлайнаар тоглодог болсон.

Теккенчин Болдоо, Kaze, Rico гурав

Ингээд UMK3 онлайн тоглолтын эрин үе рүү шилжсэндээ. Тэгээд миний бие өөрөө дуртай юм болохоороо зөндөө ч тэмцээн зохиолоо, оролцлоо, garena-ын чатыг орлох onlineplay.mn чатыг ч сонирхол нэгтнүүддээ болон өөртөө зориулж хийлээ хэхэ.

Хоббитой байх сайхан байна өө. Одоо ч UMK3-аар алалцсаар л байна…

Хүүхэд насыг маань хөгжилтэй, дурсамж дүүрэн үлдээж өгсөн MK3 тоглоомдоо баярлалаа.

6 сэтгэгдэл

  1. enekando:

    wow neeree l nudend haragdtal bichlee dee

  2. Naba:

    Vneheer l xobbi bolgoj chadsan mundag bnao Nacho.Xvvxed nasnii dursamjaa sanjlaa bna.

  3. Yulo:

    Hobbyndoo tuushtai hun gej tamiriig l heldeg baih

  4. Дэмбээ:

    СЭГАНЫ ГАЗАР БАЛАЙ БОЛТЛОО ХОНОЖ ЯВЛАА ХАХА

  5. super:

    ystoi gaihaltai. vigiliante 8 talaar bichvel bayrlana shu

  6. 3pka:

    Sega Saturn, MAME UMK3.n buten huvilbar ghimuda Genesis dr ROM baga uchir bagtaah gej hasalt neleen hiisen yum bnle ghde buren togloj boloh hemjeeger. Anh neeree l Brutality hiideg hunig shutdeg bj 1999 ond toglodog bhda ymuda. Uyiihnaasaa tasartsan toglodog bj bgd angid shine huuhed shiljij irsen MK togldgu toglodog gn taraad ngoho shalgah gd manaihruu yvie gd hltsn bsn bdgu. Tgsn angiin bandi nar poidlono gd surguuliin aragshaa avaad gartsn toirood zogschj dunduur ni tsuulj orool za chaddim bol poildooroi gj hld ngohigo avaad garsn. Sn nztga tgj taniltsaj bjee hha. MK togldgu bsn bol haytsn bga hha.

Сэтгэгдэл бичих