Call of Duty: WWII
Нэр | Call of Duty: WWII |
Платформ |
PC
Xbox One
PlayStation 4
|
Нийлүүлэгч/publisher |
Activision
|
Хөгжүүлэгч |
Sledgehammer Games
|
Жанр |
1-р биеийн шүүтер
Олон тоглогчтой шүүтер
|
Сэдэв |
Дэлхийн 2-р дайн
Аймшиг
|
Гарсан огноо |
2017 оны 11 сарын 3
|
ESRB ангилал |
M
|
PEGI ангилал |
18+
|
Call of Duty цуврал 9 жил завсарласны дараагаар анх удаа Дэлхийн хоёрдугаар дайнд эргэн ирлээ.
Call of Duty: WWII бол Америкийн Sledgehammer Games компаниас эрхлэн гаргасан 1-р биеийн шүүтер бөгөөд Call of Duty-ийн 14 дахь ерөнхий хэсэг, тэр дундаа үйл явдал нь Дэлхийн хоёрдугаар дайны үед болж байгаагаараа Call of Duty: World at War (2008)-иас хойших анхны хувилбар юм. Тоглоомыг 2017.04.21-нд зарлаж, трейлерыг 2017.04.27-нд толилуулсан. Түүний үйл явдал европийн дайны талбарт болно. Campaign горим нь өрнөд фронтод тулалдаж байсан явган цэргийн 1-р дивизийн ойролцоо зохиогдсон. Мультиплеер горимд тулаан өрнөд фронтоос ч цааш үргэлжилнэ. Мөн “Нацистийн зомби” горим эргэн ирсэн.
GAMEPLAY
Call of Duty: WWII-д өмнөх гурван хэсэгт байсан шиг дэвшилтэт хөдөлгөөний систем (давхар үсрэлт, ханаар гүйх зэрэг) байхгүй, үүний оронд уламжлалт тулааны арга барил эргэн ирсэн. Төгсгөлгүй ухасхийн гүйх механик байхгүйгээрээ өмнөх хоёр тоглоомоос ялгарна. Газрын дагуу хурдан гулгах боломжтой “гулгах” хөдөлгөөний механикийн оронд, тоглогч урагшаа үсрэн газарт унаж, халхавчинд хурдан орох “газар уруу үсрэх” механик оруулсан. Энэ механик нь Call of Duty: Black Ops болон Call of Duty: Black Ops II байдаг “дельфиний сэлэлт”-тай төстэй.
Campaign горим
WWII бол Call of Duty-ийн оригиналь хувилбараас хойшх campaign горим дээр тоглоход эрүүл мэндийг нөхөн сэргээдэггүй анхны цуврал. Тоглогч аптек хүргэж өгөх үүрэгтэй холбоотон-эмч нарт найдахаас аргагүй. Өөр бусад холбоотнууд зэвсэг хэрэгслийн нөөцөөр хангана. Түүнчлэн өөр нэг холбоотон дайсныг илрүүлж, тэдний байршлийг хар цагаан зургаар үзүүлнэ. Дайсны цэргүүдийг олзолж, шархадсан холбоотнуудаа хоргодох байранд хүргэж болно. Эдгээр үйлдэл нь дайснаа устгах болон зорилгоо биелүүлэхтэй адил тоглогчийн туршлагыг дээшлүүлдэг. Туршлага нь дүрийн чадварыг дээшлүүлэх болон сайжруулахад ашиглагддаг. Campaign горимын зарим хэсэгт тоглогч тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой.
Мультиплеер горим
Мультиплеерийн горимыг 2017 оны E3 шоун дээр танилцуулсан. Боловсруулагчид нь шинэ сошиал орон зай, дивизүүд, дайны горим болон gameplay-д exo suit-гүй болсон зэрэг шинэ боломжуудын талаар мэдэгдсэн. Тоглоомыг урьдчилан захиалсан тоглогчид эхлээд PlayStation 4-д, дараа нь бусад платформ дээрх бета-хувилбараар тоглох боломжтой.
Онлайн мультиплеер тоглолтын үед тоглогчид Холбоотны болон Фашистын цэргүүдийн аль нэгэнд тохиолдлын хэлбэрээр хуваарилагдана. Тоглогч Холбоотнуудын төлөө тулалдах үедээ америк, британи, канадын арми болон францийн эсэргүүцэгчдийг сонгож болно. Фашистуудын төлөө тоглох үед тоглогчид Германы төлөө тэмцэх болно. Sledgehammer-ийн үүсгэн байгуулагчдын нэг болох Глен Шофильд хэлэхдээ: “Герман улсад германы арми болон нацистуудыг маш тодорхой ялгадаг. Бид тоглоомондоо энэ ялгааг байлгахаар хийсэн: германчууд өөрсдийн үүргийг биелүүлнэ; түүнчлэн бид СС болон германы байнгын армийн хооронд зааг гаргаж өгсөн”. Вермахт нь нацистуудад хамаарахгүй тул тоглоомд оролцох болно, харин Ваффен СС нь аймшигт дайны гэмт хэргийг хариуцах нацист намын гишүүн мөн тул тоглоомд орохгүй.
Дадал болсон энгийн анги үүсгэхийн оронд тоглоомонд дивизүүдийг ашиглана. Тоглогчид 5 дивизиэс нэгийг сонгоно. Дивиз бүр өөрийн гэсэн онцгой дайны бэлтгэл, дивизийн бэлтгэл болон зэвсэглэлийн чадвартай. Тоглогчид нэмэлт чадварыг эзэмших боломжтой болохын тулд зэрэг ахих шаардлагатай тул эдгээр нь аль нэгнийх нь давуу талыг хязгаарлаж өгч байгаа юм. Тоглоомонд 5 дивиз байна. Үүнд:
- Явган цэргийн дивиз: дундын болон алсын зайн тулалдаанд тохирсон зэвсэглэлийн иж бүрдэлтэй, хамгийн олон талт дивиз юм. Тусгай чадвар нь жадны ширүүн гардан тулаан.
- Агаарын дисантын дивиз: энэ дивиз нь тоглогчдыг маш хурдан, гэхдээ чимээгүй хөдлөхийг шаардана. Дисантууд автомат буурны амнаас гал авалцахыг далдлах дуу намсгагчийг хэрэглэнэ.
- Хуягт танкны дивиз: хамгийн нөлөө бүхий галт зэвсгийн хүчийг эзэмших бөгөөд пулеметыг суурилуулж, нэмэлт зэвсэг болгож пуужин хөөргөгчийг зөөвөрлөж болно.
- Уулын дивиз: алсын зайн тулаанд мэргэшсэн бөгөөд снайперийн винтовоор онилох хүрээ хязгаарын доторх хүрээлэн буй орчныг аюулгүй болгоно.
- Экспидицийн (эрэл, хайгуулын) дивиз: Дайснуудыг үхэлд хүргэх шатаах чадалтай галт цэнэг бүхий үрлэн сумт зэвсгийг ашиглана.
Түүнчлэн WWII-д “Штаб” тохиргоо нийгмийн сүлжээнд бий. Нормандийн Омахагийн эрэгт байрлах томоохон байшил юм. Эзлэн түрэмгийллээс 3 хоногийн дараагаар холбоотнууд эргийг өөрийн болгож баазаа болгосон юм. Нэг дор 48 тогтогч штабт байрлах боломжтой. Штабт тоглогчид төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж олно. Бүх төрлийн зэвсгээр буудлагын чадвараа сорьж болох буудлагын танхим, мөн өөрөө үхэхгүйгээр оноо авах боломжтой урамшууллын “скорстрик” системийг турших боломжтой талбай ч бий. Түүнчлэн зарим тоглогчид нь дуэл хийж байхад бусад нь ажиглах боломжтой талбар байна.
Зомби горим
Treyarch болон Infinity Ward компаний өмнөх цуврал тоглоомуудтай төстэй, хамтран тоглох боломжтой “зомби” горим орсон. Энэ горимд campaign горимоос тусдаа өөрийн гэсэн онцлогтой түүхийг өгүүлсэн зохиомж бий. Үйл явдал дэлхийн II дайны үед өрнөх бөгөөд 3-р Рейх дайны явцыг өөрчлөхөөр аргаа барахдаа амьгүй армийг байгуулдаг. Хэдийгээр энэ горим нь хийсвэр зөгнөлийн боловч Sladgehammer Games-ийн үүсгэн байгуулагчдийн нэг Майкл Кондри энэ түүхийг бодит явдалд үндэслэсэн гэжээ. Тэрээр Шофильдтэй хамт EA Redwood Shores-д ажиллаж байх үедээ хийж байсан Dead Space хэмээх 3-р биеийн, аймшгийн шүүтер тоглоомжтой энэ горимыг төсөөтэй гэж мэдэгджээ.
ЗОХИОЛЫН ТУХАЙД
Campaign горим
Call of Duty: WWII нь 1944-1945 онд Европ-ын газар нутагт болсон мөргөлдөөнд оролцсон 12 хүний бүрэлдэхүүнтэй Америкийн цэргийн ангийн үйл ажиллагаанд төвлөрнө. Энэ цаг үед холбоотнууд хүчээ төвлөрүүлж Герман руу давшихад бэлтгэнэ. Тоглогчид эзлэгдсэн Франц, Бельги руу Германы Рейнээр дамжин орно. Энд жинхэнэ болж өрнөсөн томоохон тулааны бодит тусгал болох Нормандийн эргийн буулт, Парисийг чөлөөлөх дайн, Аахены төлөөх тэмцэл, Хюргений шугуйн болон Балджийн тулаан багтана. Хэдийгээр түүхэн зохиомжийн дийлэнх нь дайны сүүлийн хоёр жилд өрнөх боловч, тоглоомын зарим нэг хэсэгт зохиолын дүрийг тодорхойлохын тулд 1940-1944 онуудын хоорондох үйл явдлыг өгүүлнэ.
Ганцаарчилсан campaign горимоор тоглох үед тоглоомийн гол дүр нь 1-р явган цэргийн дивизийн хоёр цэрэг байх болно. 19 настай нэгдүгээр зэргийн жагсаалын цэрэг “Улаан” хочит Рональд Дэниелс болон түүний сайн анд америкийн еврей Роберт Зусман. Тоглоомын бусад дүрүүдэд: Францийн эсэргүүцэгчдийн “Маки” бүлгийн толгойлогч Руссо хэмээх бүсгүй, тусгай ажиллагаа гүйцэтгэгч британийн офицер Эдгар Кроули. Дэниелс болон Зусманы хамтрагчид нь техникийн мэргэжилтэн ахлагч Уильям Пирсон, нэгдүгээр зэргийн дэслэгч Джозеф Тернер байх болно.
Зомби горим
Энэ горимын түүх нь Фридрих Барбаросс хааны нууц эрдэнэсийн сангийн тухай домогт тулгуурлан нацистууд некромантийн (сөнөсөн мантии гэсэн үг бөгөөд мантии нь дэлхийн цөм, литосферийн давхарга хоёрын хооронд орших давхарга юм Б.Т.) судалгаа явуулсан тухай өгүүлнэ.
Гол дүр нь Стратегийн үйлчилгээний удирдах газарт инженер ажилтай Мари Фишер гэх залуухан герман эмэгтэй. Түүний ах Клаус нь доктор Петер Штраубтай хамт Барбароссын эрдэнэсийн судалгаанд оролцдог. Маритай гурван хамтрагч нэгдэнэ: урлагийн бүтээлийн хулгайч Дростан Хинд, урлагийн түүхч Оливия Дюрант болон цэргийн алба хаагч Джефферсон Поттс. Тэд нацистуудын төлөвлөгөөг мэдэж, хулгайлагдсан ховор эртний эрдэнэсийг олж, Клаусыг аврахын тулд нууц ажиллагаа явуулдаг.
БОЛОВСРУУЛАЛТ
2014 онд Call of Duty: Advanced Warfare-ийг гарах үед Sledgehammer Games-н үүсгэн байгуулагчдын нэг Майкл Кондри ярилцлага өгөхдөө Дэлхийн хоёрдугаар дайны үед өрнөх Call of Duty-н боловсронгуй тоглоомын талаар цухас дурджээ. Metro-д өгсөн ярилцлагын үеэр Кондри Call of Duty-н дараагийн тоглоомын өрнөлийн талаар асуултад хариулахдаа: “Үгүй дээ. Энэ сонирхолтой байх болно. Би зөвхөн өөрийнхөө л бодлыг хэлж чадах байна. Гэхдээ миний дуртай хөгжөөнт бүтээлүүдийн зарим нь Дэлхийн хоёрдугаар дайны эргэн тойронд өрнөдөг. Би Band of Brothers цувралын маш том фанат”. Дараа нь Кондри энэ сэдвийг үргэлжлүүлэн: “Энэ бол дайны үед буянтай үйл хийсэн сүүлчийн бөгөөд аугаа баатрын дайн юм. Тиймдээ ч, миний бодлоор яг Band of Brothers-тай адил Дэлхийн хоёрдугаар дайны өрнөлтэй, орчин үеийн цоо шинэ тоглоом байвал гайхалтай. Харин Advanced Warfare дээр гаргаж буй шинэ хөдөлгөөнүүдээс дараа гарах тэр цувралд тоглолтын процесс ямар байх болон мультиплеер ямар механиктай байх вэ гэдэг л миний хувьд өмнө шийдэж байсан асуудлуудаас илүү төвөгтэй асуудал юм…” гэжээ.
Боловсруулагчдад Дэлхийн хоёрдугаар дайны үнэн түүхийг нээн илрүүлж, тоглоомын түүхэнд оруулах ажил тулгарч байв. Activision-ий зүгээс тоглоомд нацистын үй олноор устгах лагерууд орж магадгүй гэсэн таамаглалыг үгүйсгэхээс татгалзав. Mashable-д Адам Розенберг бичихдээ, Дэлхийн хоёрдугаар дайны тухай тоглоомууд алан хядах ажиллагааг үгүйсгэх хандлагатай байгаа боловч, шинэ Call of Duty нь өөрийн цувралуудаас алан хядах ажиллагааг дүрсэлсэн анхны тоглоом байж болох юм гэжээ. Бүтээл хариуцсан ерөнхий захирал Брет Роббинс хэлэхдээ: “Энэ маргааны явцад зарим нэгэн маш их бараан зүйлс болж байгаа тул бид тоомжиргүй өнгөрч болохгүй мэт санагдаж байна. Бид харгислалыг үзүүлж байна. Энэ бол түүхийн хөгжилтэй бус хэсэг, гэхдээ эдгээр мөчүүдийг оролцуулалгүйгээр үнэн, бодит түүхийг өгүүлэх боломжгүй юм”. Роббинсийн бодлоор, өнөө үед олон нийт насанд хүрэгчдийн сэдэвтэй тоглоомд бэлэн болсон. Германы нацистууд болон италийн фашистууд гэх мэт нацистын цэргүүдийн талд тоглох боломжтой эсэх талаарх Twitter-н шууд асуутад Sledgehammer Games-ийнхан campaign горимд тоглогч холбоотнуудын хүчнээр хязгаарлагдах болно гэж хариулжээ.
Эх сурвалж: http://gamebomb.ru/games/44548
Категори: Тоглоомын review | 2017-12-15