Sega Genesis/Mega Drive

Та бүхэнд нэгэн цаг үед хүүхэд залуучуудыг байлдан дагуулж, хүүхэд насных нь хөгжилтэй анд, дурсамж болж үлдсэн бидний хэлж заншснаар “Sega” гэх видео тоглоомын консолын талаарх мэдээллийг орчуулан хүргэж байна.

АНУ-д Sega Genesis, бусад улс мужуудад Mega Drive нэрээр гарсан энэхүү тоглоом нь Sega Enterprises хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хөгжүүлэн боловсруулж зах зээлд нэвтрүүлсэн 16 bit-ийн видео тоглоомын консол юм.

Sega Enterprises Ltd компанийг товч танилцуулахад Service Games гэсэн хоёр үгийг товчлон Sega гэж нэрийдсэн. 1983-2001 оны хугацаанд видео тоглоом хөгжүүлдэг, мөн түгээн нэвтрүүлдэг Токио хотод төвтэй дэлхийн олон улсад салбар оффистой үндэстэн дамнасан компани байв. Харин Dreamcast консолоос хойш бүтцийн өөрчлөлтөд оржээ.

Компанийн лого

Genesis/Mega Drive нь Sega компанийн гурав дахь консол бөгөөд Master System-ийн дараа гаргаж байжээ. Эхлээд 1988 онд Mega Drive нэрээр Японд, дараа нь 1989 онд Genesis нэрээр Хойд Америкт танилцуулсан. Араас нь Mega Drive нэрээр Европт Virgin Mastertronic, Ази Австралид Ozisoft, Бразилд Tectoy гэсэн дистрибютер компаниудаар тус тус нэвтрүүлжээ. Харин Өмнөд Солонгост Samsung дистрибютерээр эхэндээ Super Gam*Boy, дараа нь Super Aladdin Boy гэсэн нэрээр тус тус гарч байв.

Hideki Sato болон Masami Ishikawa-аар удирдуулсан судалгаа, хөгжүүлэлтийн (R&D) баг Sega-ын arcade тоглоомын эх хавтан болох System 16 дээр Motorola 68000 процессорыг үндсэн, Zilog Z80-г хоёрдогч процессор болгож техник хангамжийг нь загварчилжээ. Энэ систем нь Sega болон өөр бусад publisher-уудын гаргасан 900 гаруй ROM суурьтай cartridge тоглоомыг ажиллуулна. Мөн тусдаа нэмэлтээр зарагдаж байсан “Power Base Converter” төхөөрөмжийг залгаснаар Master System консолын тоглоомуудыг тоглох боломжтой юм. Үүгээр ч зогсохгүй төрөл бүрийн нэмэлт төхөөрөмжүүд, сүлжээгээр тоглох үйлчилгээ, мөн боломжуудыг нь өргөтгөсөн янз бүрийн консолын хувилбаруудыг Sega болон гуравдагч компаниуд гаргаж байсан нь Genesis-ийг хүчирхэгжүүлж байв.
Mega Drive нь Японд хоёр том өрсөлдөгч болох Nintendo-ын Super Famicom ба NEC-ийн PC engine консолуудаас болоод олигтой амжилт олоогүй ч Хойд Америк, Бразил, Европт онцгой амжилт олсон. Genesis руу хөрвүүлэгдсэн Arcade машины (кабинетийн) тоглоомууд, зөвхөн Genesis-д зориулагдан гарч байсан “Sonic зараа” цувралууд болон зарим спорт тоглоомын франчайз олны дунд танигдсан явдал, мөн хүүхэд залуучуудын дунд догь консол болтол нь цацагдсан залуучууд руу чиглэсэн түрэмгий сурталчилгаа зэрэг хүчин зүйлс Genesis-ийг амжилтанд хүрэхэд нөлөөлсөн. АНУ болон Европт хоёр жилийн дараа Genesis-ийн зах зээлийг хуваасан Super NES гарч ирснээр сэтгүүлч нар “консолын дайн” гэж нэрлэсэн ширүүн өрсөлдөөн бий болсон. Энэ өрсөлдөөнөөс болж видео тоглоомын үйлдвэрлэл рүү нийгмийн анхаарал нэмэгдэж, улмаар “эсрэг инженерчлэл” (reverse engineering, хакердах) болон видео тоглоомон дахь хүчирхийлэл зэрэг асуудлуудтай Genesis болон түүний нэрийн хуудас болсон тоглоомууд холбогдож эрх зүйн чухал асуудлуудыг хөндөн гаргаж ирсэн. Нөгөө талаар Night Trap, Mortal Kombat зэрэг хүчирхийлэл агуулсан тоглоомуудыг тойрсон асуудлаас болж Sega компани Видео тоглоомын зэрэглэл тогтоох зөвлөл байгуулж байсан нь одоогийн Entertainment Software Rating Board (ESRB) байгууллагын үндсийг тавьсан.
Genesis нь дэлхий даяар 30 сая гаруй борлуулагдсан. Үүн дээр нэмэгдээд Бразилд Tectoy 3 сая, АНУ-д Majesco компани 1.5 сая, Өмнөд Солонгост Samsung компани багахан хэмжээгээр тус тус консолын лицензтэй хувилбаруудыг гарган борлуулсан. Энэ консол нь тоглоомуудынхаа хамтаар одоо ч видео тоглоом сонирхогч, тоглоомын хөгжим сонирхогч, цуглуулагч нар болон emulation сонирхогч нарын дунд улам танил болсоор байна. Жишээ дурдвал 2010 онд AtGames компани консолыг гуравдагч этгээдийн лицензээр дахин гаргаж Хойд Америк, Европт борлуулсаар байна. Харин тоглоомууд нь Virtual Console, Xbox Live Arcade, PlayStation Network, Steam зэрэг онлайн үйлчилгээнд орчин үеийн платформуудад зориулагдан дахин гарсаар байна. Sega Genesis-ийн дараагийн үеийн консол нь Sega Saturn юм.

Дэд гарчиг

  • Түүх
    • Хөгжүүлэлт
    • Нээлт
    • Хойд Америк дахь борлуулалт болон маркетинг
    • Sonic зараа
    • Барааны тэмдгийн аюулгүй байдлын систем ба Sega болон Accolade-ын дунд үүссэн асуудал
    • Видео тоглоомын зэрэглэл тогтоох зөвлөл болон видео тоглоомон дахь хүчирхийллийн талаарх конгрессийн сонсгол
    • 32 bit-ийн болон дараагийн үе
  • Технкийн үзүүлэлт
    • Дагалдах хэрэгслүүд
    • Сүлжээний үйлчилгээ
  • Тоглоомын сан
    • Sega Virtua Processor
  • Нэмэлт эд анги
    • Sega CD
    • Sega 32x
  • Хувилбарууд
    • Sega-аас гаргасан загварууд
    • Гуравдагч компаниудаас гаргасан загварууд
    • Дахин үйлдвэрлэл болон дуурайн ажилладаг программ (emulator)
    • Хожим гарсан хувилбарууд
  • Шүүмж болон үлдээсэн ул мөр
Түүх

Хөгжүүлэлт

1980-аад оны эхэн үед тухайн үед “Gulf and Western” корпорацийн охин компани байсан Sega Enterprises нь 1981 оны 7 сараас 1982 оны 6 сар хүртэлх хугацаанд орлого нь 200 сая доллар давсан, arcade кабинетийн тоглоом үйлдвэрлэлээрээ АНУ-д идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 5 компаний нэг байв.

1982 оноос arcade тоглоомын бизнесийн уналт эхэлж “Gulf and Western” компани ихээхэн хохирол амсч эхэлсэн тул Хойд Америк дахь arcade тоглоомын үйлдвэрээ лицензийн хамтаар Bally Manufacturing компанид зарсан. Харин Sega-ын Хойд Америк дахь судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагааг болон Япон дахь Sega Enterprises Ltd охин компаниа үргэлжлүүлэн авч үлдсэн. Arcade тоглоомын бизнес нь унаснаар “Gulf and Western”-ын удирдлагууд цаашдаа хэрхэн ажиллах тал дээр Sega Enterprises-ын ерөнхийлөгч Hayao Nakayama-тай зөвлөлдсөн.

Hayao Nakayama

Nakayama arcade тоглоомын үйлдвэрлэлээр хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Японы зах зээлд гэрт ашиглагдах тоглоомын консол үйлдвэрлэх зөвлөгөө өгсөн нь хожим гарах Genesis-ийн эхлэлийг тавив. Улмаар Nakayama энэ төслийг эхлүүлэх зөвшөөрөлийг авснаар 1983 оны 7 сард Sega анхныхаа гэрийн консолыг SG 1000 нэртэйгээр гаргасан. SG 1000 амжилт ололгүй байсаар 2 жилийн дараа дараагийн консол болох Sega Mark III-аар солигдов. Энэ үеэр “Gulf and Western”-ын үүсгэн байгуулагч Charles Bluhdorn нас барж корпорац үндсэн биш бизнесүүдээ орхиж эхлэв. Улмаар Nakayama болон Sega-ын хуучин гүйцэтгэх захирал David Rosen-ы хамтаар Японы программ хангамжийн алдартай CSK корпорацийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Япон дахь Sega охин компанийг худалдан авсан. Ингэж Nakayama шинэ Sega Enterprises Ltd-ийн гүцэтгэх захирлаар томилогдов.
1986 онд Sega компани Mark III-аа дахин загварчилж Хойд Америкт Sega Master System нэрээр гаргасан.

Master System

Мөн жилийн дараа Европт танилцуулан гаргасан. Master System нь Европ, дараа нь Бразилд амжилт олсон ч Япон болон Хойд Америкт 1980-аад оны дундаас төгсгөл хүртэл Nintendo-д дарагдаад амжилт олоогүй. Sega компани гэрийн консолын зах зээлд хүнд хэцүү үеийг туулж байсан энэ үед Masami Ishikawa болон Hideni Sato нараар удирдуулсан Sega-ын консол судалгаа хөгжүүлэлтийн (R&D) баг дараагийн консол дээрээ Master System гаргаснаас хойш ажиллаж эхэлсэн байв.
1987 онд Японы компьютер үйлдвэрлэлийн томоохон компани болох NEC нь видео тоглоомонд зориулсан PC engine-ээ томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилан гаргаж ирсэн нь Sega-д бас нэгэн цохилт болж байв. Хөлөө олсон хоёр электроникийн том компанитай өрсөлдөхийн тулд Ishikawa-аар удирдуулсан баг зах зээлд дорвитой нөлөөлөхийн тулд шинэ консолдоо 16 bit-ийн микро процессор ашиглах шийдвэр гаргаж Sega компани arcade тоглоомын үйлдвэрлэл хийж байсан туршлага, хүчин чадлаа ашиглан Sega System 16 arcade хавтанг гэрийн консолд тохируулан ашигласан. Дүрслэл болон дууны тооцооллыг нэг процессор дээр боловсруулах нь ахдах вий гэдгээс болгоомжилж байсан тул консол хөгжүүлэлтийнхээ сүүл үеэр үндсэн CPU-г Motorola 68000, дууны боловсруулалтыг хийх хоёрдогч процессорыг Zilog Z80 байхаар тус тус шийдвэрлэсэн.
1988 оны 6 сард Японы видео тоглоомын Beep! Сэтгүүлд хөгжүүлж буй консолоо “Mark V” нэрээр зарласан боловч Sega-ын удирдлагууд илүү хүчирхэг нэр хэрэгтэйг анзаарсан. Тэгээд 300 гаруй нэрний саналаас “Mega Drive” дээр тогтсон. Хойд Америкт консолын нэр нь Genesis болж өөрчлөгдсөн. Шалтгаан нь тодорхойгүй боловч барааны тэмдгийн зөрчлөөс болсон байх магадлалтай.

Нээлт

Sega компани 1988 оны 10 сарын 29-нд Mega Drive консолоо Японд гаргасан нь Nintendo компаниас 7-хон хоногийн өмнө гаргасан Super Mario Bros 3-ын сүүдэрт дарагдаж нийтийн анхаарлыг татаж чадаагүй.

Харин Famitsu болон Beep сэтгүүлд эерэг мэдээллүүд нийтлэгдснээр дараа дараагийн маркетинг-д тус болж байв. Ийнхүү эхний жилдээ Sega ердөө 400’000 ширхэгийг л борлуулж чадсан. Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд Sega тоглоом хөгжүүлж гаргахынхаа хажуугаар онлайн банкны систем, Sega Mega Anser нэртэй хариулт өгдөг машин зэрэг консолдоо янз бүрийн нэмэлт төхөөрөмж гаргаж эхлэв. Гэвч Mega Drive нь Японд 16 bit-ийн консолын туршдаа илүү алдартай олны танил болсон Famicom-ыг борлуулалтаараа гүйцэж чадалгүй, Nintendo Super Famicom болон NEC PC Engine-ий дараа гуравдугаар байранд байсаар байгаад үе нь өнгөрсөн.
1989 оны 1 сарын 9-нд Sega компани Хойд Америкт Genesis-ийн нээлтээ хийнэ гэж зарласан. Тэр үед Sega Хойд Америкт өөрийн гэсэн борлуулалт, маркетингийн байгууллагагүй байсан тул Master System-ээ Tonka гэдэг компаниар дамжуулан борлуулдаг байв.

Tonka-ын гүйцэтгэл хангалтгүй байсан тул Genesis-ийнхээ борлуулалт маркетингийн ажлыг Хойд Америкт хийлгэх шинэ хамтрагч байгууллага хайж эхэлснээр тухайн үед 16 bit консол гаргаж амжаагүй байсан Atari корпорацид санал тавьсан. Тодруулбал Sega-ын David Rosen Atari-ын гүйцэтгэх захирал Jack Tramiel болон Atari-ын Entertainment Electronics хэлтсийн дарга Michael Katz нарт санал тавьсан. Tramiel Sega-ын консолыг хэт өндөр үнэтэй гэж үзээд, өөрсдийнхөө Atari ST дээрээ анхаарлаа хандуулахыг илүүд үзэн Sega-ын саналаас татгалзсан. Sega өөрийнхөө Америк дахь охин компаниараа энэхүү борлуулалт маркетингийн ажлыг гүйцэтгүүлэхээр болж 1989 оны 8 сарын 14-нд New York болон Los Angeles-д хязгаарлагдмал тоогоор худалдаанд гаргасан. Тэгээд тухайн оны сүүлээр Хойд Америк даяар танилцуулж борлуулж эхэлсэн.

Европт 1990 оны 9 сард £189 үнэтэйгээр консолын нээлтээ хийсэн. Энэ нээлтийг Virgin Mastertronic компани гүйцэтгэсэн бөгөөд дараа нь 1991 онд Sega-д худалдагдаж Sega of Europe нэртэй болсон. Консолын нээлттэй зэрэгцээд Space Harrier II, Ghouls ‘n Ghosts, Golden Axe, Super Thunder Blade, The Revenge of Shinobi гэсэн тоглоомууд дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн. Харин консол нь Altered Beast тоглоомтой хамтдаа савлагдсан байв. Mega Drive болон эдгээр анхны багц тоглоомууд 1990 онд London хотноо зохиогдсон European Computer Entertainment Show-д (ECES) танилцуулагдсан. 1990 оны 7-8 сарын хооронд Virgin анхны 20’000 ширхэгийн захиалга хийв. Энэ нь хэдийгээр төсөөлж байснаас нь 10’000-аар илүү байсан ч ECES шоунд амжилт олсны дараа дахин 10’000 ширхэгийн захиалга орж ирсэн. Ийнхүү зөвхөн Их Британи улсад дангаараа 1990 оны 9-12 сард борлуулалтын төлөвлөгөө нь эцэстээ 40’000 ширхэг болж өссөн.

Консолоо дэлхий даяарх улс орнуудад түгээхэд нь өөр өөр компаниуд хамтран ажилласан. Австралид өмнө нь Master System-ийг хариуцаж байсан Ozisoft нээлт болон маркетингийн ажлыг хариуцаж ажилласан. Бразилд Master System-ээ танилцуулаад ганцхан жил болж байсан ч 1990 онд Tectoy-той хамтран Mega Drive-аа нээсэн. Tectoy нь зөвхөн Бразилын зах зээлд зориулж тоглоом үйлдвэрлэдэг байсан ба 1995 онд Sega Meganet гэх консолын сүлжээний үйлчилгээг эхлүүлсэн. Энэтхэгт 1995 оны хавар 80%-ын импортын татвараас чөлөөлөгдөхийн тулд Shaw Wallace-тай түгээлтийн гэрээ байгуулан нэг ширхэгийг нь 18’000 INR-ээр борлуулж эхэлсэн. Солонгост Samsung-тай хамтран “Super Gam*Boy” нэрээр борлуулж эхэлсэн. Ингэхдээ Mega Drive-ын лого-г Samsung нэрийн хамтаар тавьж байв. Энэ нь хувилбар сүүлд “Super Aladdin Boy” болж дахин нэрлэгдсэн.

Хойд Америк дахь борлуулалт болон маркетинг

Michael Katz

Өмнө нь Atari корпорацийн Entertainment Electronics хэлтсийн дарга байсан Michael Katz Sega of America-ын захирал болж Хойд Америкийн зах зээлд борлуулалтыг хоёр хэсгээс бүрдсэн үйл ажиллагаатайгаар явуулсан. Эхний ажиллагаа нь шууд Nintendo руу дайрсан “Genesis does what Nintendon’t” буюу “Nintendo-ын хийдэггүйг Genesis хийдэг” гэсэн уриа гаргаж Genesis дээр arcade төрлийн мэдрэмж илүү ихээр авах боломжтойг сурталчилж байв.

Үүний дараа Nintendo тухайн үеийн ихэнх arcade тоглоомуудын консолын эрхийг эхэмшилдээ авсан тул Sega хоёр дахь үйл ажиллаагаа алдартай хүмүүс болон алдартай тамирчдын нэр алдрыг ашиглан хэрэглэгч нарт ямар ч түвэггүй танигдах тоглоомуудыг гаргаж эхэлсэн. Үүнд Pat Riley Basketball, Arnold Palmer Tournament Golf, James ‘Buster’ Douglas Knowckout Boxing, Joe Montana Football, Tommy Lasorda Baseball, Mario Lemieux Hockey, Michael Jackson’s Moonwalker гэх мэт тоглоомууд орно.
Гэсэн хэдий ч айл бүрийн хэрэглээ болсон Nintendo-г давж чадахгүй хүнд цаг үе байв. Nakayama-аас өгсөн эхний жилдээ 1 сая ширхэгийг борлуулах даалгаврыг, Katz буюу Sega of America нь зөвхөн 500’000 ширхэгийг л борлуулж дутуу биелүүлсэн.

Tom Kalinske

1990 оны дунд үед Nakayama Tom Kalinske-г Katz-ын оронд Америк дахь салбарынхаа гүйцэтгэх захирлаар томилсон. Хэдийгээр Kalinske нь эхэндээ видео тоглоомын зах зээлийн талаар мэдлэг нимгэн байсан ч өөрийгөө үйлдвэрлэлийн мэдлэг чадвар, туршлагатай зөвлөгч нараар хүрээлүүлж чадсан. “Razor and blades” бизнес загварт итгэдэг хүний хувьд тэр дөрвөн хэсэгтэй төлөвлөгөө гаргасан. Консолынхоо үнийг бууруулах, Америкчууд руу чиглэсэн Америкт суурилсан тоглоом хөгжүүлэлтийн багтай болох, өрсөлдсөн түрэмгий сурталчилгаагаа улам өргөтгөх, дагалдаж ирдэг Altered Beast тоглоомоо шинэ тоглоом болох Sonic the Hedgehog-оор солих гэсэн өөрчлөлтүүдийг хийсэн.

Энэхүү төлөвлөгөөг Япон дахь удирдах зөвлөлийн гишүүд эхэндээ зөвшөөрөөгүй. Харин Nakayama: “би чамайг Европ болон Америк дахь шийдвэрийг гаргуулах гэж сонгон авсан тул үүнийгээ хий” гэж хэлээд дөрвөн төлөвлөгөөг нь зөвшөөрсөн. Үүний дараа сэтгүүлүүд Sonic-ыг тухайн үед хийгдсэн хамгийн сайн тоглоомуудын нэг гэж магтаж, улмаар Nintendo-ын Super Famicom-ын олон улсын хувилбар болох Super Nintendo Entertainment System-ийг (SNES) хүлээж байсан хэрэглэгч нар нь Genesis-ийг худалдан авснаар Sega-ын консол эцэст нь нэг амжилт олж эхэлсэн. Ийнхүү Nintendo-ын консол анхныхаа өрсөлдөгчтэйгээ нүүр тулж эхэлсэн. Харин энэ үед NEC компани Turbo Grafx-16 консолоо нэгэнт анхдагч, зах зээлийг тодорхойлогч байх боломжоо алдсан тул зах зээлээс татан авсан. Sonic the Hedgehog олны танил болсноор 1991 оны нийтийн амралтын улирлаар АНУ-ын томоохон мужуудад SNES-ийн борлуулалтыг Sega Genesis бараг 2:1 харьцаагаар давж борлуулагдсан. Энэ амжилт нь 1992 оны 1 сарын байдлаар 16 bit консолын 65%-ыг Sega удирдах боломжийг нээж, 1985 оны 12 сараас хойш тэргүүлж байсан Nintendo-ын манлайллыг тасалсан.
Nintendo-той өрсөлдөхийн тулд Sega шинэ төрлийн тоглоомуудад өрсөлдөгчөөсөө илүү нээлттэй байсан ч, тоглоом үйлдвэрлэдэг гуравдагч компаниудын тоглоомд зөвшөөрөл олгохдоо хатуу хяналттай, cartridge үйлдвэрлэлдээрээ өндөр татвар авдаг байв. Америкт видео тоглоомын publisher хийдэг Electronic Arts (EA) гэх гуравдагч компани Sega дээр тоглоомуудаа гаргахаасаа өмнө Sega-ын стандарт лицензээс нь арай чөлөөтэй уян хатан лиценз олгохыг хүсч жил орчим хэлэлцээр хийгээд байв. Үүнтэйгээ зэрэгцээд 1989 онд EA-ын техникийн мэргэжилтнүүд Genesis-ийн лицензийн системийг Reverse Engineering буюу хакдсан байв. EA компани тоглоомынхоо хөгжүүлэлтээ нууцаар хийж эхлэхээсээ өмнө Steve Hayes болон Jim Nitchals нараар удирдуулсан Reverse Engineering-ийн багаа нилээд хэдэн сарын өмнөөс ажлуулчихсан байв. Энэ мэдээллийг EA-ийн үүсгэн байгуулагч Trip Hawkins 1990 оны Consumer Electronics Show (CES) болохоос 1 өдрийн өмнө Sega-ын захирал Nakayama-д мэдэгдэж, EA-ын хүсэлтүүдээс татгалзвал EA өөрийнхөө тоглоомууд дээр өөрийнхөө лицензийн системийг нэвтрүүлэх чадавхитай байгаагаа онцолж тулгалт хийсэн. Улмаар Sega буулт хийн, маргааш нь EA-ийн хийгдэж буй тоглоомууд CES үзэсгэлэнд олон нийтэд танилцуулагдсан.

Шар эмжээрээр ялгарсан EA cartridge

Ийнхүү 1990 оны 6 сард Hawkins-ын хэлснээр “талуудын хүсэл сонирхлыг уян хатнаар тусгаж өгсөн маш өвөрмөц зөвшилцөл”-ийн гэрээнд Sega болон EA компаниуд гарын үсгээ зурцгаасан. Гэрээнд “бид хүссэн тооны тоглоомоо гаргах эрхийг эзэмшиж, тоглоомон дээрх шимтгэлээ илүү шударгаар батлах, тоглоомынхоо cartridge үйлдвэрлэлд шууд оролцох” зэрэг заалтуудыг багтаасан. Гэрээ нэгэнт хэрэгжиж эхэлсний дараа EA-ын ахлах зохион бүтээгч Bing Gordon “бид асуудлыг шийдвэрлэх өөр боломжууд байсныг олж харж чадаагүй, Sega биднийг зүгээр л хаячихаж чадахаар байсныг ухаарсан ба энэ нь бидний олон нийтийн харилцаанд цав суулгах эрсдэлтэй байлаа” хэмээн дурьджээ. Ийнхүү EA компани сарын дотор Populous болон Budokan: The Martial Spirit гэсэн хоёр тоглоомоо Genesis дээр гаргасан. Мөн EA-ын John Madden Football-ын анхны Genesis хувилбар 1990 оны сүүлээр гарч, амжилт олсон тул Gordon энэ тоглоомыг “killer app” гэж нэрлэж байв. Гэрээнд тусгагдсан давуу эрхээ ашиглаад Gordon болон маркетинг үйлчилгээний дэд захирал Nancy Fong нар өөрсдийнхөө cartridge дээр шар өнгийн эмжээр оруулан EA-ын тоглоомыг бусдаас ялгах шийдвэр гаргасан.
Sega дөрвөн удаагийн Christmas-ын амралтын улирлаар дарааллан Nintendo-г борлуулалтаараа тэргүүлсэн. Учир нь Genesis зах зээлд түрүүлж танилцуулагдаж, илүү хямдаар борлуулагдаж, SNES-ийн нээлтийн үед аль хэдийнээ их хэмжээний тоглоомын сантай болсон байсан зэрэг нь давуу тал болж байв. SNES дээрх 1 тоглоомын хажууд Sega-ын 10 тоглоом гарсан байв. Түүнчлэн SNES дээр Final Fight гэсэн exclusive тоглоом гарсан бол Sega-ын дотоод багуудын нэг нь л Streets of Rage гэх илүү олон үетэй, илүү хэцүү дайсантай, сонсголонтой хөгжим бүхий тоглоом гаргасан байв. ASCII entertainment сэтгүүл 1993 оны хавар Genesis 250 тоглоомын сантай, SNES 75 тоглоомын сантай бөгөөд дэлгүүрийн лангуунууд дээр дунджаар 100 төрлийн Genesis, 50 төрлийн SNES тоглоом тус тус борлуулагдаж байна гэсэн статистик нийтэлж байв. Харин энэ үед NES 300 тоглоомоороо хоёуланг нь тэргүүлсээр байв.

Sega-ын явуулж буй зар сурталчилгаанууд Genesis-ыг зах зээл дээр “янзтай” консол болгож, мөн сурталчилгаа нь улам бүр өрнөхийн хэрээр “blast processing” буюу “тэсрэлтэт боловсруулалт” гэсэн шинэ нэр томъёг гарган (энэ нь графикийн эд анги дээр ямар нэгэн програмчлалын тусгай арга ашигласан гэдэг явган ярианаас үүсэлтэй) Genesis-ийн боловсруулалт нь SNES-ийхээс хамаагүй илүү боломжуудтай гэсэн утгатай сурталчилгааг ч хийж байв. Sony-ын тандалтын баг өсвөр насны хөвгүүд SNES-ээс илүүтэйгээр Genesis-ийг худалдан авахыг хүсч байсныг ч судалж илрүүлж байв. Genesis-ийн борлуулалт SNES-ээс 2:1 харьцаагаар давамгайлж байх энэ үед Nintendo болон Sega хоёулаа хэрэглэгч нарын сэтгэгдэл дээр суурилсан маркетингийг хүчтэй хийсээр сүүлдээ худал хуурмаг зүйлс ч гарах болсон. 1991 онд Nintendo борлуулалтынхаа жинхэнэ тоог хиймлээр өсгөж зарлан, 1992 оны төгсгөлд гэхэд АНУ-д 6 саяыг борлуулна гэж ам гарч байсан ч бодит байдал дээр 4 сая гаруйг л борлуулж чадсан. Маркетингийн иймэрхүү тактикуудаас болоод аль нь зах зээл дээр тэргүүлж байсныг тухайн үеийн жилүүдэд тогтооход хүндрэлтэй байдаг. Статистик авч үзвэл АНУ-д 16 bit консолын зах зээлийг 1992 онд Nintendo 60% эзэлж байсан нь 1993 онд 37% болтлоо буурч, 1994 онд Sega 55%-ыг эзэлснээ зарлаж, 1995-1997 оны туршид SNES “Donkey Kong Country” тоглоомынхоо тусламжтайгаар Genesis-ийг давж байв. National Purchase Diary-ээс (NPD) 2004 онд хийсэн борлуулалт статистик судалгаанаас үзвэл 2001 хүртэлх жил жилийн өгөгдлийг харвал АНУ-д Genesis нь SNES-ийг давж байсан нь харагдана. Харин 2014 онд NPD-ын дараагийн өгөгдөл дээр суурилсан Wedbush Securities-ын гаргасан тайланд АНУ-д SNES борлуулалтаараа Genesis-ийг давсан харагдана.

Sonic зараа (Sonic the Hedgehog)

Mr.Needlemouse концепт

Sega компани Nintendo-ын “Mario” цувралтай өрсөлдөхүйц, өөрсдийнх нь нэрийн хуудас, брэнд болж чадах цуврал тоглоомтой болохоор эрэлхийлж байв. Улмаар компани дотроо зохиосон тэмцээнд нь хэд хэдэн тоглоомын дүрийн дизайн гарч ирсний нэг нь дизайнер Naoto Ohshima-ын anime-с санаа аван бүтээсэн Mr.Needlemouse (Ноён Зүүт-хулгана) гэж нэрийдсэн усан цэнхэр өнгийн өндгөн хэлбэртэй зараа байв. Энэхүү “Mr.Needlemouse” дүр тэмцээнд түрүүлэн “Sonic зараа” хэмээн дахин нэрлэгдсэн нь хожим видео тоглоомын түүхэнд нэрээ үлдээсэн шилдэг борлуулалттай цуврал тоглоомуудын нэг байв. Sonic зарааны тоглолтын анхны танилцуулга болох tech demo-г Yuji Naka хийсэн. Тэрээр муруй гадаргуу дээр дүрсийг (sprite) ямар нэгэн өөгүй, урссан хөдөлгөөнөөр явуулдаг алгоритмыг цэгэн матриксын тусламжтай зохиосон байжээ. Naka-ын анхны загвар тоглоом нь урт мушгиралдсан хоолойгоор бөмбөг шиг өнхрөн хурдтай явдаг платформ тоглоом байв. Тэгээд энэхүү концептоо дараа нь Ohshima-ын “Sonic зараа” дүр болон Hirokazu Yasuhara-ын зохиомжилсон level-үүдээр баяжуулсан.

Sonic-ын их биеийг Sega лого-ны кобальтан хөх өнгөөр, гутлыг нь Michael Jackson-ы 1987 оны “Bad” цомогт гардаг гуталны контрастыг Santa Claus-ын улаан өнгөтэй холин гаргаж авсан.

Ааш авирыг нь тухайн үед Arkansas мужын анбан захирагч байсан Bill Clinton-ы “хийж чадна” гэсэн хандлагыг шингээн ерөнхийдөө Америк хэрэглэгч нарын сэтгэлзүйд нийцүүлэн бүтээсэн. Sonic-ын энэхүү санааг Америкын багачуудын анхаарлыг татаж чадахгүй гэдэгт итгэлтэй байсан Michael Katz болон Sega of America-ын маркетингийн мэргэжилтнүүд дургүй байсан ч Kalinske-ын стратеги нь Sonic the Hedgehog-ыг консолтойгоо хамтад нь багцаар нь борлуулах төлөвлөөгөөтэй байв. Sonic-ын хурдтай тоглоомны механик нь Sega Genesis-ийг Хойд Америкт маш их алдаршуулсан. Sonic-ыг Sega Genesis-тэй багцалж борлуулсан стратеги нь Nintendo-той хийж буй зах зээлийн өрсөлдөөнд Sega-ын эзлэх хувийг 65% хүргэж өсгөсөн.

Барааны тэмдгийн аюулгүй байдлын систем ба Sega болон Accolade-ын дунд үүссэн асуудал

1989 онд Sega компанийн Genesis нээлтээ хийсний дараа видео тоглоом publisher компани болох “Accolade” өөрсдийнхөө PC дээр гаргадаг зарим тоглоомоо консол руу гаргах боломжийг эрэлхийлж эхэлсэн. Энэ цаг үед Sega компани Genesis консол дээрээ бусад тоглоом үйлдвэрлэгч компаниудын тоглоомыг өндөр төлбөрөөр нийтлэгдэх лиценз олгож байв.

Sega-ын лицензгүйгээр гаргасан Accolade-ын cartridge

Accolade-ын үүсгэн байгуулагчдын нэг Alan Miller: “Биеэ даасан, тусдаа үйл ажиллагаа явуулдаг тоглоомын publisher компаниуд cartridge үйлдвэрлэх зардал дээр нэмээд 10-15$-ын төлбөрийг cartridge бүрээрээ нэмж төлж байгаа нь эцсийн бүтээгдэхүүний үнийг хоёр дахин өсгөчихөөд байна” гэж хэлж байжээ. Энэхүү лицензээс зайлсхийхийн тулд Accolade компани өөр арга зам эрэлхийлсэн. Улмаар тэд Genesis-ийн гурван тоглоомыг ажиллах зарчмых нь кодыг задалж унших зорилгоор худалдаж авсан. Цуглуулсан мэдээллээрээ тэд лицензгүй тоглоомыг нээхгүйгээр цоожилдог Genesis-ийн нууцлал хамгааллын системийг нь идэвхигүй болгох замаар өөрсдийнхөө шинэ cartridge-үүдийг програмчилсан. Ийм аргаар Ishido: The Way of Stones тоглоомоо Genesis дээр 1990 онд гаргасан. Ингэхдээ Accolade нь зохиогчийн эрхээр баталгажсан тоглоомын кодыг олон дахин хуулбарлаж эсрэг инженерчлэл (reverse engineering) хийсэн.

Sega Trademark Security System

Зарим улс орнуудад тоглоомыг нь пираталсан (зөвшөөрөлгүй хуулбарласан), мөн лиценз авалгүйгээр тоглоом үйлдвэрлэсэн асуудлуудаас болж Sega 1990 онд Genesis III гэж албан бусаар нэрлэгдэх консолоо нууцлал, хамгаалалтын механизмтайгаар гаргаж эхэлсэн. Энэхүү Genesis-ийн шинэ хувилбарт ашиглагдсан нууцлал хамгаалалтын механизм нь “Барааны Тэмдгийн Аюулгүй Байдлын Систем – Trademark Security System (TMSS)” гэж нэрлэгдсэн код юм. Энэ код нь cartridge-ийг уншмагцаа cartridge дээр санах ойн тодорхой нууцлагдсан хэсгээс “SEGA” гэсэн тэмдэгтэн цувааг байгаа эсэхийг шалгадаг байна. Хэрэв тэмдэгтэн цуваа олдвол тоглоомыг ажиллуулж, “Produced by or Under License from Sega Enterprises LTD.” гэсэн зурвасыг харуулдаг. Энэ систем нь дараах хоёр үр нөлөөтэй байв. Нэгдүгээрт лицензгүй тоглоом хөгжүүлэгч болон зөвшөөрөлгүй хуулбарлагч (пират) нарын эсрэг нэмэлт хамгаалалттай болж, Sega-ын барааны тэмдгийг дэлгэцэнд заавал гаргадаг болгосон. Хоёрдугаарт, хэрэв лицензгүй тоглоом хөгжүүлэгч нар гарч ирж, барааны тэмдгийн зөрчил гаргавал тэдний эсрэг эрх зүйн акт болж өгөв. 1991 оны 1-р сард болсон “Winter Consumer Electronics Show” дээр Sega шинээр гаргасан Genesis III-аа танилцуулж Accolade-ийн Ishido cartridge-ийг хэрхэн “голоод уншихгүй” байгааг нь харуулсан. Дараа жил нь илүү их тоглоом гаргахаар төлөвлөж байсан Accolade хамгаалалтын системийг нь судалж Барааны Тэмдгийн Аюулгүй Байдлын Систем (TMSS) файлыг нь тодорхойлж олж авсан. Улмаар энэхүү файлаа Hard Ball, Star Control, Mike Ditka Power Football, Turrican гэсэн тоглоомууддаа ашиглан бүтээгдэхүүнээ гаргажээ.
Энэхүү үйлдлийнх нь хариуд Sega компани барааны тэмдгийн зөрчил, шударга бус өрсөлдөөн, зохиогчийн эрхийн зөрчил гаргасан гэж АНУ-ын California-ын Хойд Дүүргийн Шүүхэд Accolade-ыг буруутган нэхэмжлэл гаргасан. Ингэмэгц нь Accolade тэдний бүтээсэн тоглоомыг Sega өөрсдөө бүтээсэн юм шиг барааны тэмдгээ харуулж хэрэглэгч нарыг төөрөгдүүлсэн гэж эсрэг нэхэмжлэл гаргасан. Дүүргийн шүүх Sega-д ашигтайгаар шийдвэрлэж Accolade-ыг дахин Genesis дээр reverse engineering хийхгүй байх захирамж гаргасан. Гэтэл Accolade шийдвэрийг эсэргүүцэж АНУ-ын Ес дэхь Тойргийн Давж Заалдах Шүүхэд давж заалдсан.

Sega-ын лицензтэй Accolade-ийн cartridge

Ийнхүү давж заалдсны дараа Давж Заалдах Шүүхээс Дүүргийн Шүүхийн шийдвэрийг эсрэгээр нь эргүүлж, Sega-ын программыг задалж уншсан (decompile) нь шударга ёсонд нийцсэн үйлдэл гэж үзсэн. Тэгээд 1992 оны 10 сарын 20-нд шүүгч бичгээр “Accolade нь хэдийгээр арилжааны зорилгоор Sega-ын программыг хэрэглэсэн ч шударга бусаар мөлжин ашиглаагүй болно” гэсэн тэмдэглэлийг гаргажээ. Түүнчлэн Genesis-ийн тоглоомыг ажиллуулах зорилготой Барааны Тэмдгийн Аюулгүй Байдлын Систем (TMSS) нь барааны тэмдгийн зөрчилтэй болохыг тойргийн шүүх санамсаргүйгээр олж тогтоон Sega-г алдаатай хаяглалт ашигласан гэж буруутгажээ. Эцэст нь 1993 оны 4 сарын 30-нд Sega болон Accolade компаниуд учир зүйгээ ололцжээ. Үр дүнд нь Accolade албан ёсны лицензтэйгээр тоглоомоо гаргахаар болж, сүүлд “Barkley Shut up and Jam!” тоглоомоо лицензтэйгээр гаргажээ. Энэхүү лицензээр Accolade-д тусгай зөвшөөрөл, хөнгөлөлт олгосон эсэх нь нийтэд ил болоогүй. Мөн лицензтэй холбоотой санхүүгийн мэдээллүүд ч нийтэд задраагүй бөгөөд хоёр компани тус тусынхаа шүүх ажиллагааны төлбөрийг төлцгөөжээ.

Видео тоглоомын зэрэглэл тогтоох зөвлөл болон видео тоглоомон дахь хүчирхийллийн талаарх конгрессийн сонсгол

1993 онд Америкийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нэр бүхий видео тоглоомуудын насанд хүрэгчдэд зориулагдсан контент руу нь анхаарлаа хандуулж эхлэв. Үүний нэг нь Genesis-ийн өргөтгөл Sega-CD дээр гарсан Night Trap тоглоом урьд өмнө нь тохиолдож байгаагүй ихээр олны анхааралд өртсөн. Night Trap-ын асуудал Англид ч шуугиан тарьж хэлэлцэгдэж, энэ явдлыг Sega of Europe-ын хөгжүүлэлт хариуцсан захирал асан Mike Brogan: “Night Trap тоглоом Sega-г зүгээр л нийтэд зарлаад хаячихсан…, мөн Их Британий Парламентын захирамжид жинхэнэ жүжигчид тоглуулсан тул “15 настны” зэрэглэлд ангилагдах ёстой гэж заагдсан” гэж цохон тэмдэглэж байжээ.

Үүний дараа хамгийн их маргаан дагуулсан үйл явдал бол Midway компаний Mortal Kombat arcade машины тоглоомыг Acclaim компани Genesis болон SNES дээр хөрвүүлэн гаргасан явдал байв. Энэ тоглоомын хүчирхийлэл дүрслэл нь нийгэмд эсэргүүцэлтэй тулгарч байсан тул Nintendo тоглоомонд гардаг цусыг нь “хөлс”-өөр сольж, arcade машин дээрх аймшигт “үхлийн цохилт/fatality”-уудыг зөөлрүүлж гаргасан.

Харин Sega өөр арга зам сонгосон. Өөрийнхөө бүх консол тоглоомын системд “Videogame Rating Council (VRC)” гэх Америкийн анхны видео тоглоомын зэрэглэлийг тодорхойлох систем үүсгэн байгуулж нэвтрүүлсэн. Зэрэглэлд “гэр бүлийн бүх гишүүдэд тохиромжтой – GA”, илүү ухамсрын түвшинтэй (mature) хэрэглэгч MA13, зөвхөн насанд хүрэгчдийн MA17 гэсэн ангиллуудыг гаргажээ. Ингэж зэрэглэл тогтоох систем нэвтрүүлснийхээ дараа Sega өөрийнхөө консол дээр Mortal Kombat-ыг ямар ч “цус болон хөлс”-ний эффектгүйгээр, үхлийн цохилтуудыг SNES дээрхээс ч илүү зөөлрүүлэн гаргасан. Харин “Blood code” оруулснаар arcade машин дээрх цус болон үхлийн цохилтуудыг идэвхжүүлдэг болгосон. Энэ нь насны заагийг харьцангүй доошлуулж MA13 ангилалд оруулах боломжийг Sega-д техникийн хувьд олгосон. Харин SNES дээрх “зөөлрүүлсэн” хувилбар ямар ч ангилал байхгүйгээр борлуулагдсан.
Тоглоомын мэдээллийн сувгууд болон дэмжигч, сонирхогч нарын тусламжтайгаар Genesis-ийн Mortal Kombat маш амжилттай зах зээлд нэвтэрч борлуулалтаараа SNES хувилбараас (3-4):1 харьцаатай давсан. Харин Nintendo цензур тавьснаараа шүүмжлэлд өртөж байв.

1993 онд АНУ-ын конгрессын сонсгол

1993 онд АНУ-ын конгрессын сонсгол дээр Америк дахь Nintendo-ын дэд гүйцэтгэх захирал Howard Lincoln синатор Joe Lieberman-д хандан Night Trap тоглоомд ямар ч ангилал тогтоогоогүй тухай цухалдсан байдалтайгаар ийнхүү хэлж байв: “-түүнчлэн, би та бүхнийг энд суугаад, Night Trap тоглоом нь уг нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан тоглоом байсан гэх Sega-ын энэ утгагүй тайлбарт итгээд сууж байхыг хүлээн зөвшөөрч чадахгүй нь… Бодит байдал энэ байна. Энэ савлагааны зураг дээр тоглоомыг борлуулж эхлэхдээ нэг ч насны ангилал зааж өгөөгүй, багачууд үүнийг ≪Toys R Us≫-аас худалдаад авчихсныг тэр над шиг мэдэж байгаа. Тэгээд тоглоом нь шүүмжлэлд өртөөд ирмэгц тэд энэ тоглоомдоо зориулж насны ангилал гэдэг юм зохиож, үүндээрээ ангилал хийсэн”. Хариуд нь Sega of America-ын дэд захирал Bill White видео тоглоом дээрх хүчирхийлэл SNES дээр ч байгааг харуулсан дүрс бичлэг үзүүлж, зэрэглэл тогтоох систем тоглоомуудад чухал шаардлагатай байгааг онцолсон. Хурлын төгсгөлд сенатор Lieberman зэрэглэл тогтоох системийн үйл явц хэрэгжилтийг шалгах зорилгоор 1994 оны 2 сард дахин сонсгол хийхээр зарласан.

Энэхүү конгрессийн сонсголоос болж Night Trap-ын борлуулалт нэмэгдэж мөн PC, Sega 32X, 3DO платформууд дээрх хувилбарууд гарсан. Энэ тоглоомын хөгжүүлэгч Digital Pictures багийн үүсгэн байгуулагч Tom Zito: “юу гээч, энэ сонсголын дараа долоо хоногийн дотор Night Trap тоглоом маань 50’000 хувь борлуулагдсан” гэж дурьдаж байв. Хэдийгээр борлуулалт нэмэгдэж байсан ч конгрессын сонсголоос болж Sega Night Trap-ыг буцаан татаж, 1994 онд дахин ангилал тогтоон гаргасан. Конгрессын сонсголын дараа видео тоглоом үйлдвэрлэгч нар хамтраад сенатор Lieberman-ын шаардсны дагуу зэрэглэл тогтоох системийг үүсгэн байгуулсан. Эхэндээ Sega нэгэнт эхлүүлчихсэн байсан өөрсдийнхөө VRC системээ бусад платформд тааруулан нэвтрүүлэх санал гаргасан ч Nintendo болон бусад компаниудаас татгалзаж шинээр систем үүсгэн байгуулахаар болж Sega анхных нь бүтэц зохион байгуулалтыг нь хийх үүрэг хүлээв. Улмаар энэ нь биеэ даасан Entertainment Software Rating Board нэртэй байгууллага болж синатор Lieberman-д сайшаагдсан. Сүүлд энэ систем бүрэн нэвтэрсний дараа Nintendo ч өөрсдийнхөө тоглоомондоо цензур тавих бодлогоо халж, Mortal Kombat 2 тоглоомын SNES хувилбараа ямар ч цензургүй гаргасан.

32 bit-ийн болон дараагийн үе
Genesis-ийн цаг үеийг уртасгах зорилгоор Sega компани хоёр янзын нэмэлт эд анги гаргаж хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн нь CD унших Sega CD (Хойд Америкаас бусад мужид Mega CD) өргөтгөл болон 32 bit-ийн Sega 32X өргөтгөлүүд юм. 1994 оны төгсгөлд дэлхий даяар Sega CD нь 2.24 сая ширхэг, 32X нь 665 мянга орчим борлуулагджээ.
Видео тоглоомын консолын дараагийн үе буюу 32 bit-ийн Sony PlayStation болон Sega Saturn-ы нээлт хийгдсний дараа 16 bit-ийн техник хангамж, программ хангамжын борлуулалт үргэлжилсээр 1995 онд видео тоглоомын зах зээлийн 64%-ийг эзэлсээр байв. Sega компани Genesis консолынхоо байлдан дагуулалтын үргэлжлэх хугацааг дутуу тооцоолж улмаар зэх зээл дээрх эрэлт хэрэгцээг хангах хэмжээний нийлүүлэлттэй байж чадаагүй. Sega АНУ-ын видео тоглоомын зах зээлд 43%-ыг эзэлж байсан ба 1995 онд Genesis консолоо 2 сая давуулан борлуулна гэж мэдэгдэж байв. Гэсэн ч Genesis дээрх Vectorman мэтийн тоглоомууд нь өндөр амжилт олсноор Kalinske “бид 11, 12 сарын үед дахиад 300 мянган ширхэг Genesis-ийг борлуулж чадах байлаа” гэсэн тооцоог гаргасан. Гэвч Японд консолуудын борлуулалт харьцангуй ялгаатай байснаас болоод Nakayama Genesis-ээс илүү Saturn дээрээ анхаарлаа хандуулах шийдвэр гаргасан нь энэхүү буруу тооцоололд нөлөөлсөн гол хүчин зүйл гэж үзэгддэг. Харин эсрэгээрээ Nintendo компани 16 bit гэрийн консолын зах зээл болон мөн амжилт дагуулсан Gameboy гар консол дээрээ анхааран ажилласан. Үр дүнд нь Nintendo компани 32 bit-ийн консол гаргаж PlayStation болон Saturn-тай шууд өрсөлдөөнд оролгүйгээр видео тоглоомын зах зээлд 42%-ыг эзлэв. Sega компани Saturn дээрээ анхаарлаа төвлөрүүлэн зүтгэж эхэлснээр 1991 оноос хойш Genesis-ийн мандалтын үеүдийг удирдан ажиллаж байсан Kalinske энэхүү бизнест сонирхол нь буурч улмаар 1996 онд огцорсон.
Дэлхий даяар Sega Genesis-ийн борлуулагдсан тоо 30.75 сая ширхэг хүрсэн. Үүнээс 1997 оны 7 сарын байдлаар (Sega үйлдвэрлэлээ зогсоосон цаг үе) 3.58 сая нь Японд, ойролцоогоор 8 сая болон 18 сая орчмыг Европ болон АНУ-д тус тус борлуулжээ. 1998 онд Sega компани Genesis-ийнхээ лицензийг Хойд Америкийн Majesco Entertainment-д олгосноор консолын нийлүүлэлт дахин үргэлжилсэн. Majesco сая сая зарагдаагүй cartridge-ийг хямдаар дахин зарж эхэлсэн ба Genesis II-ын хамтаар 150 мянган ширхэгийг борлуулсан. Мөн Genesis 3-ыг үйлдвэрлэж 1998 оны төгсгөл гэхэд 1.5 сая орчмыг борлуулах төсөл хэрэгжүүлсэн. Бразилд Tec Toy компаниар дамжигдан 3 сая орчим Genesis борлуулагдсан.

Техникийн үзүүлэлтүүд

Гол микропроцессор нь 16 болон 32 bit-ээр ажилладаг 7.6 Mhz хурдтай Motorola 68000 CPU юм. Мөн консол нь Zilog Z80 туслах процессортой ба үүгээрээ дуу авианы эд ангиудаа удирдах болон өмнөх үеийн Master System консолын тоглоомыг ажиллуулахад ашигладаг. Консол 72 KB түр санах ойтой (RAM), 64 KB видео санах ойтой (VRAM) ба 512 янзын өнгөнөөс 61 хүртэлх өнгийг нэг дор дүрсэлж чаддаг. Тоглоом нь зөвхөн унших зориулалттай санах ойн (ROM) cartridge буюу хуурцагт бичигдсэн байх ба консолын их биений дээд хэсэгт залгагдаж ажилладаг.

Mega Drive-ын эх хавтан

Дуу авиагаа Yamaha YM2612 FM синтезатор болон Video Display Processor-той (VDP) нэгтгэн хийгдсэн Texas Instrument SN76489 PSG чип-ийг хамтад нь ашиглан гаргадаг. Z80 процессор нь эдгээр хоёр sound chip-ээ удирдах замаар стерео ая, хөгжим болон дууны эффектийг боловсруулдаг. Анхны загваруудын (Genesis 1) ихэнхид нь салангит YM2612 болон салангит YM7101 VDP чип байсан бол сүүлд Genesis 2-оос хойшхи загваруудад энэ хоёрын үйлдлийг нэгтгээд ASIC FC1004 гэсэн тусгайлан гаргасан нэг чип-нд нэгтгэсэн.
Genesis 1/Mega Drive 1 загваруудын ар талд антен болон кабелийн системд зориулагдсан радио давтамжит гаралтын залгуур болон 8 нүх бүхий DIN тусгай залгуур байдаг нь хоёулаа дуу дүрсний гаралт юм. Эдгээр хоёр гаралт нь хоёулаа mono дуу гаргадаг бол урд талд байдаг чихэвчний оролт нь стерео дуу гаргана. Харин Genesis II/Mega Drive II загваруудад эдгээр радио давтамжит болон DIN залгуурууд нь, мөн чихэвчний оролтууд нь ар талдаа талдаа ганцхан 9 нүх бүхий mini-DIN оролтоор солигдож, энэ оролтоор composite дүрс, RGB дүрс, стерео аудио болон стандарт RF (радио давтамж) адаптер залгах үйлдлүүдийг нэгтгэсэн. Мөн Genesis 1/Mega Drive 1 загваруудад 9 нүх бүхий нэмэлт өргөтгөл хийх зориулалттай залгуур байсан бол сүүлдээ алга болж Genesis II/Mega Drive II загваруудад нэг мөсөн арилсан. Их биеийн баруун доод талын ирмэгт байрлах холболтоор консолд дагалдах хэрэгслүүдийг холбодог.

Mega Drive 2-ын эх хавтан

Дагалдах хэрэгслүүд

Консолтой дагалддаг стандарт гарны онцлог зүйлс нь тойрог хэлбэр дүрс, зүг чиг, гурван товчлуур болон start товчлууруудаас бүрдэнэ. Sega дараа нь 1993 онд “зургаан товчлуурт” стандарт гараа гаргасан. Энэ гар нь өмнөхөөсөө үл ялиг жижиг ба нүүрэн талдаа нэмэлт гурван товчлууртай нь Street Fighter II мэтийн зарим алдартай arcade тулаантай тоглоомуудын товчлуурын дизайнтай төстэй юм.

Стандарт гарны гурав дахь загвар болох MK 1470 нь Genesis 3 загвартай хамт гарсан. Энэ гар нь Mode товчноос гадна autofire хийдэг Normal, Turbo, Slow гэсэн switch-тэй юм.

Мөн Sega компани “зургаан товчлуурт” гарныхаа утасгүй хувилбарыг Remote Arcade Pad нэрээр гаргаж байв.

Genesis нь өмнөх үеийн Master System консолыг дэмждэг. Анхны гарсан дагалдах хэрэгсэл нь Power Base Converter (Европт Master System Converter) бөгөөд энэ нь Master System-ийн тоглоомыг Genesis дээр ажиллуулдаг. Энэ хэрэгслийн хоёр дахь загвар нь Master System Converter 2 нэрээр Mega Drive II-т зориулагдан зөвхөн Европт гарсан.

Харин бусад дагалдах хэрэгслүүд нь консолд зөвхөн функц болон үйлдэл нэмэх зорилготой юм. “Menacer” нэртэй утасгүй, хэт улаан туяагаар ажилладаг “тоглоомон буу” зарим нэг тоглоомуудад зориулагдан гарч байв. Үүнээс гадна American Laser Games Pistol болон Konami Justifier гэх мэт гуравдагч компанийн инфра туяан тоглоомон буунууд ч үйлдвэрлэгдэж байв.

Мөн гурван товчлуур бүхий зураг зурах зориулалттай Sega Mega Mouse гарч байсан нь Eye of the Beholder болон цөөхөн хэдэн тоглоомонд зориулагдан гарсан.

Түүнчлэн зөөлөвчөөр бүрэгдсэн бейсболын цохиур “Batter Up”, гольфын “TeeVGolf” хэрэгсэл Genesis болон SNES дээр хамтад нь гарч байсан.

1993 оны 11 сард Sega компанийн “Sega Activator” нэртэй шалан дээр дэлгэгдээд тоглогчийн физик хөдөлгөөнийг тоглоомын оролт болгодог 4 зүг, 8 зовхистой төхөөрөмж гарсан. Mortal Kombat, Street Fighter II Special Champion Edition зэрэг зарим шилдэг тоглоомууд ч энэ дагалдах хэрэгслийг дэмжин ажилладаг болсон. Гэвч энэ хэрэгсэл борлуулалтаараа амжилт олоогүйн гол шалтгаан нь хэт өндөр үнэтэй мөртлөө нарийвчлал муутай, бүдүүн баараг, оновчгүй ажиллагаатай байсанд оршино. IGN-ын нийтлэгч, сэтгүүлч Craig Harris урьд хожид хийгдэж байсан тоглоомын удирдлагуудыг эрэмбэлэхдээ “Sega Activator”-ыг хамгийн муу удирдлагууд дунд 3-р байранд оруулж байв.

EA болон Sega компаниуд нэгэн зэрэг хоёроос дээш тоглогч тоглуулдаг “multitap” хэрэгсэл гаргасан. Эхэндээ EA-ын “4 Way Play” болон Sega-ын “Team Player” хэрэгслүүд нь зөвхөн тус тусынхаа publisher-ын тоглоомыг л дэмждэг байв. Энэ нь санал гомдол дагуулсан ба Sega: “бид энэ асуудлыг олж мэдснээсээ хойш шийдэл олохоор шаргуу ажилласаар байгаа бөгөөд консол дээр маань гарсан бүх multitap тоглоомыг тоглох боломжтой шинэ Team Player удахгүй үйлдвэрлэгдэнэ” гэж олон нийтэд зарлаж байв. Тэгээд дараа дараагийн тоглоомууд бүгд “4 Way Play” болон “Team Player” аль алин дээр нь ажилладагаар гарч эхэлсэн. Codemasters компани мөн cartridge дээр нь нэмэлт хоёр гар залгах “J-Cart” технологи хөгжүүлсэн нь консолын “амьдрал”-ын төгсгөл үед таарсан ба зөвхөн цөөн хэдэн тоглоомонд ашиглагджээ. 1994 онд Sega “жолооны хүрд” гаргахаар төлөвлөж, Virtua Racing тоглоомын Genesis хувилбарын сурталчилгаанд “жолооны хүрд”-ээр тоглох боломжтой гэж цацагдаж байсан боловч энэ төхөөрөмж цуцлагдсан.

Сүлжээний үйлчилгээ

Онлайн тоглоомын анхны довтолгоог Sega компани анх 1990 оны 11 сарын 3-нд Японд “Sega Meganet”-ийг танилцуулан хийж байв. Энэ нь “Mega Modem” гэх нэмэлт төхөөрөмжийн тусламжтайгаар нийтдээ 17 тоглоомыг Mega Drive-ын тоглогч нар онлайнаар тоглох боломжтой болгосон. Хойд Америкт “Tele Genesis” нэрээр зарлагдсан боловч ерөөсөө гараагүй. Бас нэгэн телефон утсанд суурилсан “Mega Anser” нэртэй төхөөрөмж гарсан нь Mega Drive-ын Япон хувилбарыг онлайн банкны терминал болгон хувиргадаг байв.

1994 онд Sega компани Time Warnerer Cable болон TCI кабелийн телевизийн үйлчилгээг ашиглан “Sega Channel” гэж нэрийдсэн тоглоом түгээлтийн системээ эхлүүлсэн. Тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар Genesis-ийн тоглогч нар сар бүр солигддог 50 тоглоомын сангаас тоглоом татах, мөн шинэ тоглоомуудын demo-г татах боломжтой байв. Татагдсан тоглоом төхөөрөмжийн дотоод санах ойд түр хадгалагдаад консол унтрахад устдаг байв. Sega Channel оргил үедээ 250 мянган хэрэглэгчтэй байсан ба Sega Saturn-ы нээлтийг өнгөртөл буюу 1998 оны 7 сарын 31 хүртэл ажилласан.

Гуравдагч компани болох Catapult Entertainment компани Sega-тай өрсөлдөх зорилгоор XBAND төхөөрөмжийг боловсруулж гаргасан нь Genesis-ийн тоглогч нарыг онлайн өрсөлдөөнт тоглоом тоглох боломжийг олгодог байв. XBAND нь АНУ-ын 5 хотод 1994 оны 11 сард эхэлж гарсан бөгөөд телефон утсаар өгөгдлөө солилцоно. Дараагийн жил үйлчилгээгээ SNES рүү өргөтгөж, мөн Blockbuster Video компанитай хамтарч маркетинг дээрээ ажилласан ч энэ үйлчилгээ сонирхол татахаа болисоор байгаад 1997 оны 4 сард зогсчээ.

Тоглоомын урын сан

Genesis-ийн урын сан эхэндээ даруухан эхэлсэн ч эцэстээ бүх төрлийн тоглогч нарыг хамарсан тоглоомуудтай болж томорсон. Анх консолтой хамт “Altered Beast” тоглоом дагалдаж байгаад дараа нь 1991 онд Sonic the Hedgehog-оор солигдсон. Шилдэг борлуулагдсан тоглоомонд Sonic 1, 2 болон Disney’s Aladdin багтана. Консолоо хөгжүүлэх явцдаа Sega Enterprise компани action тоглоомууд дээр ажиллаж байсан бол Sega of America компани нь спортын тоглоомууд хөгжүүлэх даалгавартай байв. Консолын бүх цаг үеийн хамгийн сэтгэл татам тоглоомуудын ихээхэн хувийг arcade суурьтай тоглоомууд, Ecco the Dolphin мэтийн хэцүү тоглоомууд, мөн Joe Montana Football мэтийн спортын тоглоомууд эзэлнэ.

Зах зээлийн өрсөлдөөн талаас нь авч үзвэл Sega насанд хүрсэн хэрэглэгч нартаа зориулж “mature” төрлийн, жишээ нь цензургүй Mortal Kombat шиг тоглоомууд санал болгож байв.
Эхэндээ Nintendo-ын монополчлол болон зах зээлд эзлэх хувь нь бага байснаас гуравдагч тоглоом хөгжүүлэгч нарын дэмжлэгийг авч чадахгүй хүнд байв. Жишээ дурдьвал Capcom компани тухайн үед хит болж байсан Street Fighter II тоглоомоо эхэндээ Genesis-ийг орхиод, зөвхөн SNES дээр гаргаж байв. Тэгсэн ч Genesis олны танил консол болохын хэрээр Capcom эцэст нь Street Fighter II тоглоомоо Street Fighter II: Champion Edition нэрээр порт хийн хувирган Genesis дээр гаргасан нь эцэстээ борлуулалтаараа саяыг давсан байна. Эхэн үед Genesis-т дэмжлэг үзүүлж байсан томоохон компаниудын нэг нь Electronic Arts байв. EA-ын үүсгэн байгуулагч, захирал Trip Hawkins Genesis-ийн дүрслэх хурд нь спортын тоглоомонд SNES-ийг бодвол илүү тохиромжтой гэж итгэж байсан ба Genesis дээрх EA-ын амжилт нь “EA Sports” брэндийг өндөрт гаргана гэдэгт найддаг байв. Дуулиан дагуулсан өөр нэгэн гуравдагч компанийн тоглоом бол анхны Mortal Kombat-ын Genesis хувилбар байв. Хэдийгээр энэ arcade тоглоомын хувилбарууд SNES болон Genesis дээр зэрэг гарсан ч хоорондоо ижилхэн биш байв. SNES дээрх нь arcade кабинетийн хувилбартай яг ижилхэн байсан бол Genesis дээр тоглогч нар цензур, шүүлтүүрийг нь арилгах боломжтой байсан нь илүү алдартай болгоход нь тус болсон.

Sega Virtua Processor

Илүү сэтгэл татам график дүрслэл харуулахын тулд компаниуд тоглоомын cartridge-дээ тусгай чип нэмж консолынхоо боломжийг ихэсгэж эхэлсэн. SNES дээр зарим DSP чипүүд болон RISC процессорууд нэмсэн нь консолыг илүү хурдан, илүү оновчтой 3D болон pseudo 3D график боловсруулах боломжтой болгосон. Тодруулбал “Super Fx” гэх чип гаргасан нь үндсэн CPU дээрх ачаалал ихтэй render-ийн ажлыг арилгаж консол дангаараа гүйцэтгэх боломжгүй график эффектийг генерацлах боломжтой болсон. Энэ чип анх 3D polygon-ыг бодит хугацаанд (gameloop дотроо шууд render хийх, энгийнээр хэлбэл газар дээр нь дэлгэцэнд зурж үзүүлэх) дүрсэлдэг “Star Fox” тоглоомонд, мөн sprite-уудыг нэг нэгээр нь эргүүлж тойруулж татаж сунгаж, дэлгэцийн ихээхэн хэсгийг янз бүрээр хувиргахыг анх танилцуулсан Super Mario World 2: Yoshi’s Island тоглоомонд тус тус ашиглагдсан. Энэхүү сайжруулалт нь SNES дээр нэвтрээд хэвийн зүйл болохын хэрээр Genesis-ийн худалдаанд буй тоглоомууд хоцрогдсон мэт харагдаж эхэлсэн.

Sega компани Super Fx чиптэй өрсөлдөх зорилгоор график сайжруулалтын нэмэлт чип боловсруулсан нь “Sega Virtua Processor” SVP байв. Энэ чип нь Genesis-ийг бодит цаг хугацаанд polygon дүрслэх болон эргүүлэх, жижигсгэх, томсгох үйлдлүүдийг гүйцэтгэх “Axis transformation” (тэнхлэг хувиргалт) нэгж эд ангиар хангасан. Энэ чип-ийг ашиглан гаргасан цорын ганц тоглоом болох “Virtua Racing” нь SNES дээрх ижил тоглоомуудаас хамаагүй илүү frame давтамжтай бөгөөд тогтвортой FPS-тэй байв. Чип-ний үйлдвэрлэл өндөр зардалтай байсан тул чип-ийг ашигласан тоглоомын үнэд нөлөөлж байв.Virtua Racing нь 100$-оор гарч байсан нь хамгийн үнэтэй cartridge болсон. Virtua Fighter болон Daytona USA гэх хоёр тоглоомонд SVP чип-ийг ашиглахаар төлөвлөсөн байсан ч эдгээр тоглоомуудыг Saturn-ы нээлтэнд ашиглахаар болж цуцалсан байна. Мөн SVP чип-ийг Genesis-ийн сайжруулалтын тусгай бие даасан төхөөрөмж болгож гаргах төлөвлөгөө байсан ч хэзээ ч үйлдвэрлэгдээгүй.

Нэмэлт эд анги

Power Base Converter мэтийн дагалдах хэрэгслээс гадна Genesis-д тус тусын тоглоомын урын сантай хоёр нэмэлт эд анги гарсан. Эхнийх нь Sega CD (Хойд Америкаас бусад газар Mega CD нэртэй) гэх CD-ROM форматтай тоглоом уншдаг Compact Disk-нд суурилсан эд анги юм. Хоёр дахь нь Sega 32X гэх 32 bit cartridge тоглуулах болон энгийн Genesis cartridge-ийг давхар дамжуулан ажиллуулах боломжтой эд анги юм. Энэ хоёрын том том power adapter-т зохимжтой Sega брэндийн цахилгааны уртасгагч залгуур ч гарч байв. Энэ хоёр нэмэлтүүд 1996 онд албан ёсоор үйлдвэрлэл нь зогссон.

Sega CD
1991 оны үед compact disk нь дуу хөгжим болон программ хангамжиийн өгөгдөл хадгалах төхөөрөмжүүд дунд түгээмэл болж эхэлсэн. PC болон видео тоглоом үйлдвэрлэгч компаниуд энэ технологийг ч хэрэглэж эхэлсэн. Тоглоомын консолд CD технологийг нэвтрүүлсэн анхны тохиолдол нь TurboGrafx-CD нэмэлт эд ангиараа NEC компани болсон ба Nintendo ч мөн өөрийн гэсэн CD-ний нэмэлт эд ангийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй болсон байв. Өрсөлдөгч нараасаа илүү давуу тал олж авахыг эрэлхийлсэн Sega компани Genesis консолдоо CD-ROM нэмэлт эд анги хөгжүүлэх зорилгоор JVC компанитай хамтарч ажилласан. Улмаар Sega компани 1991 оны 12 сарын 1-нд Японд Mega CD-г 49’800¥ үнээр гаргаж, дараа нь 1992 оны 10 сарын 15-нд Хойд Америкт Sega CD нэрээр 299$ үнээр гаргаж, дараа нь 1993 онд Европт Mega CD нэрээр гаргасан.
Тоглоомын урын санг үлэмж хэмжээгээр нэмснээс гадна энэ нэмэлт эд анги нь илүү хүчирхэг хоёр дахь процессор, нэмэлт системийн санах ой, Sega arcade кабинетийн тоглоомууд дээр ашиглагддаг графикийн scaling, rotation үйлдлүүдийг hardware-т суурилан хийдэг болсноор график болон дуу авианы чанарыг дээшлүүлсэн. Мөн Sega CD-ийн тусламжтайгаар баттарейнд суурилсан RAM санах ой бүхий нэмэлт cartridge төхөөрөмж тусдаа борлуулагдахаар гарч байсан нь тоглоомын high score, тохиргоо, тоглолтын явцыг хадгалах боломжыг олгодог байв.
Хойд Америкт нээлтээ хийчихээд төд удалгүй Sega CD-ээ Sewer Shark гэх full motion video (FMV) тоглоомтой хамт багцлан түгээж эхэлсэн. Энэ тоглоомыг Digital Pictures хөгжүүлсэн ба Sega-ын чухал хамтрагч нь болсон. CD-ний харьцангуй их санах ойн багтаамжийн давуу талыг сурталчлахынхаа хажуугаар, Sega болон түүний хамтрагч тоглоом хөгжүүлэгч компаниуд тоглолтон дундах нэмэлт digital video юмуу бонус content оруулах, эсвэл зарим нэг өмнөх үеийн cartridge дээрх тоглоомыг өндөр чанартай дуу авиатайгаар дахин гаргаж байв. 1993 онд Genesis II-д зориулагдсан илүү жижиг, илүү хөнгөн Sega CD 2 гарсан нь анхныхаасаа хямдаар борлуулагдаж эхэлсэн. Харин сүүлд Sega CD болон Sega 32X нэмэлтүүдийг хоёуланг нь ашигладаг цөөн хэдэн тоглоом ч хөгжүүлэгдэж байв.
Mega CD эхний жилдээ Японд зөхөн 100 мянган ширхэг борлуулагдсан нь төлөвлөж байснаас нилээд доогуур байв.
Анх танилцуулагдсан өндөр үнийг олон хэрэглэгч нар буруутгаж байсны хажуугаар тоглоомын сан нь нээлтийн үед ердөө хоёрхон ширхэг байсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байв. Энэ нь зарим талаараа Sega компани Mega CD-ийнхээ программ хөгжүүлэлтийн сангаа (software development kit) тоглоом хөгжүүлэгч гуравдагч компаниудад гаргаж өгөлгүй удааснаас болж байв. Харин дараа дараагийн тоглоомууд нь хэрэглэгч нараас сөрөг сэтгэгдэл, дүгнэлт авахын хэрээр FMV болон CD-ээр тоноглогдсон шинэ төрлийн тоглоомууд гарах нь буурч байв.
Тэгсэн ч Хойд Америк болон Европт борлуулалт илүү амжилттай явагдсан. 1995 онд Sega дараагийнхаа консол болох Saturn дээр анхаарлаа хандуулж эхэлснээ зарласан ба Genesis дээрх бүх сурталчилгаагаа зогсоосноор Sega CD-ний сурталчилгаа ч бас зогссон. Sega CD нь дэлхий даяар 2.24 сая ширхэг борлуулагдсан.

Sega 32X
Sega Saturn-ыг 1995 онд гаргахаар төлөвлөхийн зэрэгцээ Sega компани Genesis (16 bit) болон Saturn (32 bit) консолуудын хоорондох завсрын үеийг нөхөж, хэрэглэгч нараа бага зардлаар 32 bit рүү орох боломжийг олгох шийдэл боловсруулж эхэлсэн. 1994 оны 1 сарын өвлийн Consumer Electronics Show-ны үеэр захирал Nakayama Sega of America-ын судалгаа, хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Joe Miller рүү залгаад Atari компанийн Jaguar консолын эсрэг яаралтай хариу цохилт хийх чухал шаардлагатай байгааг онцолж шахалт үзүүлсэн. Sega Enterprises-с гаргасан нэгэн боломжит концепт санаа байсан нь сүүлд “Project Jupiter” нэрээр нэрлэгдсэн нэмэлт эд анги биш бие даасан консол байв. Project Jupiter-ийн санаа нь анх Sega Virtua Processor-ын нэмэлт чипний санаанаас үүдэн, 3D боломжуудыг тодорхой хэмжээнд шингээж, мөн дүрслэх өнгөний боломжийг өмнөхөөс сайжруулан, Saturn-аас арай хямд үнэтэй байхаар Genesis-ийн шинэ хувилбарыг гаргахаар төлөвлөгдсөн ажил байв. Харин Miller бол 6-9 сарын хугацаанд Genesis-ээс юу ч авч ашиглахгүйгээр цоо шинэ консол гаргах нь ач холбогдолтой гэж онцолж байв. Miller болон түүний багийнхны энэхүү санал гарах үед Sega байгаа Genesis-тээ хоёр ширхэг 32 bit-ийн Super H-2 процессор ашигласан 32X гэх нэмэлт эд ангийн зохиомжийг гаргасан байв. SH-2 чип нь Sega болон Японы электроникийн Hitachi компаниудын хамтын туршилтаар 1993 онд хөгжүүлэгдчихсэн байв. Улмаар Consumer Electronics Show-ны төгсгөлд 32X-ийн ерөнхий дизайн танилцуулагдснаар Sega Enterprises шинэ нэмэлт эд ангийнхаа хөгжүүлэлтэд Sega of America-г туслалцуулахаар болов.
Хэдийгээр шинэ эд анги нь анх төлөвлөгдснөөсөө илүү хүчтэй болсон ч Sega Saturn-ы тоглоомыг дэмждэггүй байв. 32X нээлтээ хийхээс өмнө 1994 оны 11 сард Saturn консол Японд нээлтээ хийнэ гээд зарлагдсан байсан нь Хойд Америкт 32X-ийн нээлттэй давхцчихсан. Энэ нь Sega of America-г Япон дахь Saturn-ы хажуугаар 32X-ээ сурталчлах хүндхэн давааг бий болгосон. Тэдний сонгосон тактик нь 32X-ийг Genesis болон Saturn-ы дундах “шилжилтийн төхөөрөмж” гэж нэрлэх байв. Үүнийг Sega Enterprise бага зэрэг өөрчилж “32X нь илүү өндөр үнэтэй Saturn-ыг худалдан авах боломжгүй тоглогч нарт зориулагдсан нэг цаг үед хамтаа зэрэгцэн явах консол юм” гэж мэдэгдэл хийж байв.
32X нь 1994 оны 11 сард буюу Америкийн нийтийн амралтын үеэр нээлтээ хийв. Энэ үеэр жижиглэнгийн худалдаачдаас ирэх эрэлт өндөр байсан ба Sega захиалгуудаа бүгдийг нь нийлүүлж амжаагүй. 1 сая давсан захиалга орж ирсэн ч 1995 оны 1 сард Sega зөвхөн 600 мянгыг нь хангаж чадсан. 32X-ийн нээлтийн үнэ нь Genesis-тэй бараг ижилхэн байсан ба Saturn-ы үнийн хагасаас ч хямд байв. 32 bit-ийн видео тоглоомыг өндөр биш үнээр тоглох боломжийг хэрэглэгч нарт 32X-ээрээ олгосон ч тоглоом бүтээх гуравдагч компаниудыг ятгах гэж Sega хүндхэн цаг үеийг туулав. 32X нээлтээ хийгээд удаагүй байтал удахгүй нээлтээ хийх гэж буй Sega Saturn нь 32X-ийн тоглоомуудыг дэмжихгүй тусдаа консол болж гарах гэж буй мэдээлэл нийтийн дунд тарсан. Улмаар 1995 оны 5 сарын 11-нд Saturn нээлтээ хийсэн нь анх 1995.9.2-нд гэж төлөвлөж байснаас дөрвөн сараар урагшилсан байв. Ийнхүү ээлжит Saturn консол гарч ирснээр тоглоом хөгжүүлэгч нар 32X-ын тоглоом амжилт олох эсэхэд эргэлзэж улам ч жийрхэх болов. Гэсэн ч Sega 32X дээр их хэмжээний тоглоом гарна гэж баталгаа гаргасаар байв. 1996 оны эхээр Sega компани 32X дээр хэтэрхий ихийг худал амалснаа хүлээн зөвшөөрч энэ консолын үйлдвэрлэлээ зогсоон Saturn дээрээ анхаарахаар шийдвэрлэв. Улмаар 32X-ийн үнэ 99$ хүртэл унаж, бүр агуулах чөлөөлөх худалдаагаар 19.95$-ээр зарагдсан.

Хувилбарууд

Sega Genesis болон Mega Drive-ын лицензтэй нилээд олон хувилбар гарсан. Sega-ын гаргасан загваруудаас гадна Majesco Entertainment, AtGames, JVC, Pioneer Corporation, Amstrad болон Aiwa зэрэг компаниудын гаргасан загварууд байдаг. Мөн лицензгүй хууль бус хуулбар консолууд ч олон тоогоор гарсан.

Sega-аас гаргасан загварууд

Genesis 2

Genesis/Mega Drive нэг дүгээр хувилбарын дараа 1993 онд Sega компани Япон, Европ, Австралид Mega Drive 2 нэрээр, Хойд Америкт Genesis (2 тоогүйгээр) нэрээр илүү жижиг илүү хөнгөн загварыг танилцуулсан. Энэ хувилбар нь нүүрэн талдаа чихэвчний оролтгүй болж, AV гаралтын залгуур нь стерео дуу дэмждэг арай жижиг залгуураар солигдон, цахилгаан бага зарцуулдаг энгийн илүү хямд эх хавтантай болсон байв.

Genesis CDX

Sega компани мөн Genesis болон Sega CD-ийг нэгтгэсэн хагас зөөврийн Genesis CDX (Европт Multi-Mega нэрээр) загварыг гаргасан. Энэ загвар Америкт 399.95$-оор (энэ нь хагас жилийн өмнөөс үнэ нь 229$ болж унасан Sega CD дээр Genesis-ийн үнийг нэмснээс бараг 100$-ээр илүү байв) Sonic CD, Sega Classic Arcade Collection болон Ecco the Dolphin Sega CD хувилбар гэсэн тоглоомуудтай савлагдан борлуулагдсан. Genesis CDX нь тоглуулж байгаа Audio CD-ний дууных нь дугаарыг харуулдаг жижиг LCD дэлгэцийг өөр дээрээ агуулсан байв. Энэ онцлог дээр нь нэмэгдээд хөнгөн жинтэй (2 pound буюу 0.9 кг) байсныг нь овжин ашиглаж Sega компани “зөөврийн CD тоглуулагч” гэж давхар сурталчилж байв.

Genesis Nomad

16 bit-ийн төгсгөл үед Sega компани Genesis-ийнхээ гарт аваад явах боломжтой зөөврийн Genesis Nomad загварыг гаргасан. Үүний загвар дизайн нь Mega Jet гэх Японы агаарын хөлөг онгоцонд зориулагдан бүтээгдэж, хэрэглээнд нэвтэрсэн байсан Mega Drive-ын зөөврийн хувилбарын дизайн дээр суурилсан байв. Game Gear-ын цорын ганц үргэлжлэл болох Nomad нь 6 ширхэг AA батарейгаар ажилладаг ба 3.25 инчийн (8.25 см) LCD дэлгэцтэй байв. Nomad нь Genesis-ийн бүх тоглоомыг дэмждэг ба харин 32X, Sega CD, эсвэл Power Base Converter-тэй холбож ашиглах боломжгүй юм.

TeraDrive

Японд тусгайлан гаргасан TeraDrive нь Mega Drive-ыг хэрэглээний компьютертэй нэгтгэсэн загвар байв.
Sega компани Arcade буюу кабинетийн тоглоомонд зориулж Mega Drive дээр суурилсан гурван эх хавтан гаргасан нь System G2, Mega Tech болон Mega Play гэсэн нэртэй ба ойролцоогоор 80 тоглоом суугдсан байдаг.

Гуравдагч компаниудаас гаргасан загварууд

JVC компани Sega Enterprises-тай хамтын ажиллагааныхаа хүрээнд Японд 1992 оны 4 сарын 1-нд Wondermega загвараа гаргасан. Энэ нь сүүлд JVC-ээр дахин загварлагдаж X’Eye нэрээр Хойд Америкт 1994 оны 9 сард гарсан. JVC-ын загвар нь Genesis болон Sega CD-ийг нэгтгэсэн илүү чанартай аудиотой байхаар хийгдсэн нь Wondermega-г өндөр үнэтэй (анх гарахдаа 500$) болгож дундаж хэрэглэгч нарын гар дээр очиж чадаагүй. Бас нэг төстэй түүх тохиолдсон нь Pioneer компанийн “Laser Active” entertainment төхөөрөмжинд Genesis болон Sega CD тоглоомыг ажиллуулах Sega-ын хөгжүүлсэн нэмэлт эд анги “Mega-LD” байв. Хэдийгээр Laser Active нь 3DO-ын Interactive Multiplayer-тэй өрсөлдөхөөр хийгдсэн ч Laser Active-ийг Mega LD-тэй хамт худалдан авах нь тоглогч нарын хувьд дийлдэшгүй өндөр үнэтэй сонголт болж хувирсан. Aiwa компани CSD-GM1 загварын Genesis/Sega CD эд анги бүхий кассетны хөгжим гаргасан. Нилээд хэдэн компани Sega-ын TeraDrive-ын дизайныг хуулбарлан Mega Drive бүхий хэрэглээний компьютер (PC) гаргаснаас дурдвал MSX-ийн AX-330, AX-990 загварууд Кувейт, Еймен улсуудад, Amstrad-ын Mega PC загвар Европ, Австралид тус тус борлуулагдсан.
Genesis үйлдвэрлэл зогссоны дараа буюу 1998 онд Majesco Entertainment Genesis 3 гэсэн загварыг хямд үнээр дахин үйлдвэрлэсэн. 2009 онд AtGames хоёр шинэ загвар үйлдвэрлэж эхэлсэн нь эхнийх нь Genesis cartridge уншихаас гадна өөр дээрээ тоглоомууд суусан “Firecore” гэх, нөгөөх нь өөр дээрээ 20 тоглоом суусан гарт аваад явах боломжтой зөөврийн консол байв. Radica Games гэх компани болон төстэй бусад компаниуд Genesis/Mega Drive-ын янз янзын тоглоомын цуглуулга бүхий Sega-ын удирдлагатай (тоглоомын гар) ижилхэн дизайн бүхий “plug-and-play” буюу TV-нд шууд залгаад тоглодог төхөөрөмжүүдийг ч гаргаж байв.

Дуурайж зохиогдсон программууд (emulator) болон дахин худалдаанд гарсан нь

GameTap-ын каталог

Genesis/Mega Drive-ын ажиллагааг дуурайж гарсан программууд (emulator) болох GenEm, KGen (Fusion), Genecyst, VGen, Storm, Gens зэрэг олон тооны программ зохиогдсон.

Console Classix цэс

GameTap нэртэй гишүүнчлэлийн татвартай онлайн тоглоомын үйлчилгээ каталог (тоглоомын жагсаалт) дотроо Sega Genesis-ийн emulator-ыг нилээд хэдэн лиценз бүхий тоглоомын хамтаар багтаасан бол Console Classix гэх ижил үйлчилгээтэй систем каталогтоо хэдэн зуун emulator бүхий тоглоом агуулсан байна. Дуурайж зохиогдсон программуудаас (emulator) гадна олон тооны Genesis-ийн тоглоом видео тоглоомын өөр консол дээр цуглуулга диск хэлбэрээр гарсан. Дурьдвал PS2, Xbox, Nintendo GameCube дээр Sonic Mega Collection ба Sonic Gems Collection нэрээр, PS2 болон PSP дээр Sega Genesis Collection нэрээр, PS3 болон Xbox 360 дээр Sonic’s Ultimate Genesis Collection (PAL мужуудад Sega Mega Drive Ultimate Collection) нэрээр тус тус тоглоомын диск болон худалдаалагдсан.

2006 оны Game Developer Conference дээр Nintendo-ын ерөнхийлөгч Satoru Iwata илтгэлдээ Wii-ийн “Virtua Console” буланд Sega компаний нилээд хэдэн Genesis/Mega Drive тоглоом татан авч тоглох боломжтойгоор байрлуулах гэж байгааг зарласан. Эдгээр тоглоомууд нь өөр консолуудын тоглоомын хамтаар Wii-ийн Virtual Console буланд байрлахаар болсон байв. Xbox 360-ын Xbox Live Arcade буланд Sonic 1, Sonic 2 гэх мэт зарим нэг сонгогдсон тоглоомууд орсон ба PlayStation Network, Steam платформуудад ч мөн гарсан.

Хожим гарсан хувилбарууд

2006 оны 5 сарын 22-нд Америкийн Super Fighter Team компани анх 1996 онд Хятад хэл дээрх гарч байсан “Xin Qigai Wangzi” тоглоомыг орчуулж Begger Prince нэрээр дахин гаргасан. Энэ нь Хойд Америкт 1998 оноос хойш Genesis дээр албан ёсоор худалдаалагдсан анхны тоглоом болсон бөгөөд дэлхий даяар худалдаалагдсан.

Super Fighter Team дараа нь Legend of Wukong болон Star Odyssey гэсэн хоёр тоглоом гаргасан.

2010 оны 10 сард Америкийн WaterMelon компани Pier Solar and the Great Architects гэсэн тоглоом гаргасан нь 1996 оноос хойш Genesis-д зориулагдан гарсан анхны role-playing төрлийн худалдааны тоглоом болсон ба хамгийн их буюу 64 mb санах ой ашигласан 16 bit-ийн тоглоом болсон.

Мөн Pier Solar нь нэмэлтээр Sega CD-ийг тоглоомынхоо дууны эффект, soundtrack-таа ашигласан цорын ганц cartridge тоглоом юм. 2003 онд Future Driver гэх indie developer Disney-ийн Wreck-It Ralph киноноос санаа авч Fix-It Felix Jr тоглоомыг Genesis дээр гаргасан.
2007 оны 12 сарын 5-нд Tec Toy компани дотроо 20 тоглоомтой Genesis/Mega Drive-ын гарт аваад явах зөөврийн консол гаргасан.

Үүнээс гадна 6 товчлууртай хоёр гартай, 5 даралт бүхий гитартай “Mega Drive Guitar Idol” гэх консол гаргасан. “Guitar Idol” тоглоом нь дотроо Бразил дуунуудыг олон улсын дуунуудтай хольсон байдаг. Энэ консол нь дотроо 87 тоглоомтой ба үүнд нь Electronic Art-ын гар утасны зарим тоглоомуудыг оруулсан байв.
Tec Toy мөн Genesis-ийн шинэ хувилбарыг анхны Genesis-тэй яг ижилхэн харагдавч cartridge дээр нэмэгдээд SD card уншдагаар гаргахаа зарлаж улмаар 2017 оны 6 сард борлуулж эхэлсэн.
2009 онд Хятадын AtGames компани Sega Genesis/Mega Drive дэмждэг Firecore консолоо гаргасан. Энэ нь өөр дээрээ cartridge-ийн оролттой ба Genesis-ийн 6 товчлууртай гартай ижилхэн 2 гартай юм. Өөр дээрээ 15 тоглоом суугдсан ба region-free тул бүсчлэл хамаарахгүй cartridge хийгээд тоглох боломжтой юм. AtGames мөн гарт аваад явах зөөврийн хувилбарыг ч гаргасан. Энэ консол нь Европт Blaze Europe дистрибьютер компаниар дамжин худалдаалагдсан.

Шүүмж болон үлдсээсэн ул мөр

Sega Genesis нь бүх цаг хугацааны видео тоглоомын консолуудын шилдгүүдийн нэг гэж тооцогдох нь элбэг. 2009 онд видео тоглоомын мэдээллийн вебсайт болон IGN-ээс Genesis-ийг видео тоглоомын консолын шилдгүүд дунд 5-р байр эзлүүлж, спортын тоглоомыг шинэ түвшинд гаргасныг болон Mortal Kombat нь “гэрийн” хувилбарууд дундаа шилдэг нь байсныг онцолж, 6 товчлууртай гар нь олон хэрэглэгчийн хувьд хамгийн гайхалтай тоглоомын гар байсан гэж тус бүр магтсан.

2007 онд Game Trailers Sega Genesis-ийг бүх цаг үеийн шилдэг 10 консолынхоо 6 дугаар байрт оруулж, түүний гайхалтай тоглоомууд, түүндээ зохицсон тоглоомын гар болон Sonic the Hedgehog-ын бүтээж байсан гялалзсан өдрүүд нь тоглоомын түүхэнд өөрсдийн ул мөрөө тодоор үлдээснийг нь тэмдэглэжээ.

Don Reisinger

2008 оны 1 сард технологийн нийтлэгч Don Reisinger Sega Genesis-ийг “Sonic the Hedgehog болон дээд зэрэглэлийн хийгдсэн спортын тоглоомууд, өмнөх Sega Master System-ийг ажиллуулдаг ≪backward compatibility≫ боломж зэрэг онцлогуудаараа одоог хүртэлх хамгийн шилдэг консолын дайныг бүтээсэн” гэж онцолсон.

Gaming Excellence

2008 онд Gaming Excellence мөн Sega Genesis-ийг 6 дугаар байранд оруулж, видео тоглоомын салбарт яахын аргагүй нэг алхам хийсэн гэж тодорхойлсон. Тэр үед мөн Game Daily Genesis-ийг сэтгэлд хоногшсон 10 тоглоомуудын 9-р байранд оруулж байв.

US gamer

2014 онд US gamer вебсайтын Jeremy Parish онцлохдоо: “Atari нь 1970-аад онд видео тоглоомыг богинохоон хугацааны мода болгож, Nintendo-ын NES нь видео тоглоомыг залуучуудын дунд удаан үргэлжилсэн өдрийн бодол, шөнийн зүүд болгож байсан бол Sega-ын Genesis нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг одоогийнхтой ижилхэн түвшинд авчирч, орчин үеийн спорт тоглоомуудын франчайзыг бойжуулах түлхүүр системийн үүрэг гүйцэтгэсэн болохоо харуулж, Nintendo-ын лицензийн хатуу бодлогонд хөгжөөгүй байсан барууны гуравдагч компаниудыг илүү ашигтай хамтрагчаар ханган видео тоглоомын консолуудыг жинхэнэ утгаар нь олон улсын түвшинд гаргаж, PlayStation Plus-ыг зөгнөсөн Sega Channel онлайн тоглоомын үйлчилгээгээ тэртээ 15 гаруй жилийн өмнө бүтээж, Америк дахь Nintendo-ын бараг монопол байсан зах зээлийг нураан, Их Британийг телевизийн тоглоомын зүтгэлтнүүд болгон сэрээснээрээ видео тоглоомын ирээдүй болон эрч хүчийг нь нэмэгдүүлэхэд түлхүүр тоглогчийн үүрэг гүйцэтгэсэн” гэж бичжээ. Sega of America-ын гүйцэтгэх захирал Kalinske дурьдатгалдаа Sega нь хүн амын арай хөгшин бүлэгт зориулагдсан видео тоглоомын хөгжилд хувь нэмэр оруулсан ба Хойд Америк, Европт нэгэн зэрэг Sonic the Hedgehog тоглоомоо нээсэн нь “street date” концептыг анх танилцуулсан гэж тус тус онцолжээ. Retro Gamer сэтгүүлийн John Sczepaniak дурьдатгалдаа Genesis нь дан ганц hardware болон тоглоомын хувьд биш тухайн цаг үеийнхээ сонин сэтгүүл, чөлөөт цагийн ярианы сэдэв, нийгмийн үзэл бодол, улс төрийн сэдэв болж байсан мөлжүүртэй систем байв гэж онцолсон.
Sega of America-ын шинэлэг онцгой кампанит сурталчилгаанууд консолын салбарын дараа дараагийн оролцогч нарт жишиг болж нөлөөлсөн.

Орчуулгын эх сурвалж:

https://en.wikipedia.org/w/index.php?title=Sega_Genesis&oldid=800374592


Sega-тай холбоотой миний дурсамжууд

Монгол gamer-үүдийн дурсамжууд энэ хэсэгт орох болно…


Уншигчдаас хичээнгүйлэн хүсэх нь:

  • Орчуулгын алдаа, логик утга зүйн алдаа, эсвэл найруулга зүйн алдаа байвал “сэтгэгдэл бичих”-ийн хэсэгт бичиж үлдээгээрэй. Таны үнэтэй хувь нэмрийг тусган авах болно.
  • “Sega”-тай холбоотой хувийн дурсамжаа бусадтай хуваалцаж, манай вебсайтад архив болгон үлдээхийг хүсвэл “сэтгэгдэл бичих”-ийн хэсэгт мөн бичиж үлдээгээрэй.

3 сэтгэгдэл

  1. Zzz:

    Nice

  2. Ermac!!!:

    NICE NICE NICE NICE

  3. Mortal:

    Bayrlalaa

Сэтгэгдэл бичих